“Мelodia” симфони найрал хөгжмийн концертыг тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.11.08-нд нийтлэгдсэн

“Мelodia” симфони найрал хөгжмийн концертыг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан “MELODIA” симфони найрал хөгжмийн концертыг тоглох гэж байна. "MELODIA" симфони найрал хөгжмийн концертыг маргааш буюу энэ сарын 9-ний өдрийн 17.00 цагт тус театрын тайзнаа тоглох юм.  Тус тоглолтод дотооддоо болон гадаадын орнуудад(ОХУ, ХБНГУ) хөгжмийн мэргэжлийн сургуулиудыг төгссөн хөгжимчид оролцохоос гадна театрын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ дан хөгжмийн бүтээлүүдийг тоглоно.

Энэ жил Монгол улсад мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн түүхэн ой тохиож байна. Анх 1924 онд байгуулагдсан жанжин Сүхбаатарын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмээс үндэстэй. 1931 онд ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн улсын төв театр болгоход хөгжмийн анги гол суурь багана нь болж байсан байна. 1946 онд театрын симфони найрал хөгжмийн анхны концерт болж, Л.Бетховены "Гуравдугаар баатарлаг симфони", "Эгмонт" удиртгалыг хөгжимджээ.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжмийн хамт олон Монгол улсын дуурь, балет сонгодог урлагийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн арвин их түүх, урын сантай юм.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70110397, 99024933 утсаар аваарай.

Ч.БОРГИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж