ҮЗХ хэлэлцэх асуудалдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2014.11.08-нд нийтлэгдсэн

ҮЗХ хэлэлцэх асуудалдаа оржээ

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал 16:00 цаг өнгөрөөж эхэллээ. Хурал 14 цагаас зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдүүлэх гэж нилээд хүлээсэн бөгөөд ирц бүрдэнгүүт хуралд ирсэн гишүүдийг заалнаас гаргаж, мандатыг шалган, танхим руу нэвтрүүлжээ.

Хурлын эхэнд УИХ-ын гишүүн С.Баярцогт үг хэлсэн байна. Тэрбээр, "Өчигдөр бид бүхэл бүтэн зургаан цаг зөвхөн хурлын Тэргүүлэгчдийг сонгох асуудлыг ярьж маргалдлаа. Гэтэл бид нар тодорхой асуудал ярих гэж цугласан. Засгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдэд ямар хариуцлага тооцох тухай асуудлыг бид энд ярих гэж цугласан. Одоо бүгдээрээ бүлэг, фракц болж маргалдахаа больё. Асуудлаа хэлэлцье" гэсэн саналыг хэлсэн үгэндээ онцолжээ.

Түүний хэлсэн үг танхимд цугласан гишүүдээс нилээд дэмжлэг авсан бололтой. АН-ын ҮЗХ-ны гишүүд одоо хэлэлцэх асуудлаа тохирох, тодорхой гаргаж тавьсан асуудлаа хэлэлцэх зэрэгт анхаарал хандуулан, хуралдаж байгаа талаар эх сурвалж хэллээ.

Сануулахад,

Өчигдөр орой 19:00 цагийн үед эхэлсэн хурлын эхэнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар илтгэл тавьж, хурлыг дээрх хоёр дарга болон АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь удирдан явуулж байсан ч гишүүдийн саналаар хурал удирдагчдыг өөрчлөхөөр болж, нилээн ширүүн маргаан өрнүүлсний эцэст Тооллогын комисс байгуулан, санал хурааснаар хурлын тэргүүлэгчдийг өөрчлөхөөр болж, Хурлын төлөөлөгчдийн саналаар Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нарыг хурлын тэргүүлэгчээр сонгосноор ҮЗХ-ны хурал өндөрлөсөн юм.

Энэ удаагийн хурлаар АН-ын даргыг өөрчилнө гэсэн яриа байсан ч дүрмээрээ бол Их хурал хуралдуулж, намын даргын асуудлыг шийдэх ёстой бололтой. Тиймээс өнөөдрийн хурлаас Их хурлын тов зарлаж, оноос өмнө Их хурлаа хуралдуулах ажилд анхаарал хандуулах нь тодорхой болж байх шиг байна.

ҮЗХ-ээр хэлэлцэх нөгөө нэг асуудал нь Засгийн газрыг огцруулах саналыг дэмжиж, намынхаа эсрэг кноп дарсан гэгдэж буй найман гишүүнд ямар хариуцлага тооцох тухай юм.

Зарим гишүүдийн хэлж буйгаар АН-ын найман гишүүнийг хөөх тухай Хяналтын хорооны тогтоол нь Дүрмийн бус аргаар гаргасан шийдвэр тул хэл ам дагуулах бололтой. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь гишүүдийг намаас хөөх тухай тогтоолын талаар өчигдөр "Хяналтын хорооны  тогтоол дангаараа хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны тогтоолыг ҮЗХ дэмжвэл хүчин төгөлдөр болно. ҮЗХ энэ асуудлыг шийднэ" гэсэн тайлбар өгсөн байгаа юм.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж