Ерөнхий сайдыг огцруулах “үйлсэд” хүчин зүтгэсэн хэмээн Ардчилсан намаас УИХ-д сууж буй нэр бүхий найман гишүүнийг намаас хөөсөн шийдвэр гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
-Таныг ерөнхий сайдыг огцруулах асуудалд эсрэг байр суурьтай байсан гэж намаас хөөх асуудал яригдаж байна. Таньд ҮЗХ-оос мэдэгдсэн зүйл байна уу. Одоо та яах вэ?
-Засгийн газрын үйл ажиллагаанд албан ёсны үнэлэлт дүгнэлт өгдөг байгууллага нь УИХ, гишүүд. Өөрө хэлбэл Засгийн газрын үнэлээгийн комисс нь УИХ шүү дээ. Үндсэн хуулиар энэ эрх нь олгогдсон. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө ял зэмд унадаг, яллуулдаг, шийтгүүлдэг тогтолцоо ардчилсан нийгэмд хэзээ ч байдаггүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө намаас хөөх тухай яриа гарч, намын зарим удирдлагууд ийм шийдвэр гаргаж байгаа нь өөрөө ардчилсан нийгэмд байх ёсгүй, зохимжгүй үйлдэл гэж би харж байгаа. Хэрвээ Монгол Улс коммунизм руугаа явах гэж байгаа бол, АН коммунист нам болох гэж байгаа бол хөөж болно. Гэхдээ би АН-ын мянга мянган эрүүл ухаантай гишүүдэд, монголын мянга мянган эрүүл ухаантай иргэдэд итгэж байгаа. Монголын ардчилал хэдэн даргын гаргасан шийдвэрээр нурчихгүй байх.
-Дарга гэхээсээ илүү намын дүрмэнд байгаа заалт юм бишүү?
-Намын дүрэмд тийм заалт байх ёсгүй. Намын дүрмийг Улсын дээд шүүх хянадаг. Намын дүрмэнд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн зүйл заалт байгаа бол тэрийг Улсын дээд шүүх хянаад, авч хаяад хүчингүй болгож байх ёстой. Тэгэхээр хууль бус дүрмийн заалтыг үндэслэж, хууль бус шийдвэр гаргаж байгаа нь өөрөө зохимжгүй, байж боломгүй зүйл.
-Хэрвээ ҮЗХ-оор тогтоол баталгаажчихвал та намаасаа хөөгдөхөд гомдолгүй юу эсвэл хөөгдөхгүй гэсэн байр суурьтай байх уу?
-Би та нарт нэг л зүйл хэлье. Ардчилсан нийгэмд намын гишүүнийг хөөх тухай ойлголт байдаггүй юм аа. Олон намын тогтолцоотой улсад ийм шийдвэр байх боломжгүй. Та бид нар бүгдээрээ ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ.
-Хяналтын зөвлөлийн тогтоол тэгээд юу болох уу?
-Нам дотор ч гэсэн эрүүл бус сэтгэлгээтэй хүмүүс байна шүү дээ. Коммунист угшилтай. Коммуниёт угшилтай хүмүүсийн коммунист сэтгэлгээний үлдэгдэл байгаа. Үүнийг өөрчлөхийн төлөө бид нар тэмцэж байна. Бидний тэмцэл амжилтанд хүрнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Битгий санаа зов гэж хэлмээр байна.
-Намаас хөөх асуудлаар орон нутгаас бас таны эсрэг санал тавиад байгаа. Тэд таныг АН-ын нэрээр УИХ-д дөнгөж ороод энэ намын эсрэг увайгүй үйлдэл гаргалаа гээд байгаа шүү дээ?
-Нэг зүйл хэлье. АН-д хэдэн онд элсч, хэдэн онд гарсан нь хэдэн настай нь, эрэгтэй эмэгтэй, нийгмийн гарал үүслээр нь гишүүнээ ялгаварладаггүй. Гадуурхах боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуульд ч, манай намын дүрмэнд ч тодорхой заасан байгаа. Ялангуяа залуу гишүүд нь Ардчиллыг аврахын тулд, АН-ыг шинэчлэхийн тулд тэмцэх үүрэгтэй. Тэгэхээр ардчилалыг аврахын төлөө би эцсээ хүртэл явна. Хэдэн дарга нарын хэлсэн үгээр явахгүй ээ. Хэдэн даргын гаргасан шийдвэрээр хөөгдөхгүй ээ. Тийм боломж байхгүй.
-Гэхдээ таны намаа аврах гэж байна гэж байгаа энэ үйлдэл эсрэгээрээ намаа алаад байна гэж харагдаад байх юм биш үү?
-Урт хугацаандаа харагдана. Ардчиллын төлөө хэн байна. Шудрага ёсны төлөө хэн зогсож байна гэдгийг цаг хугацаа харуулна. Өнөөдөртөө зарим хүмүүс эргэлзэж байж магадгүй. Гэхдээ тун удахгүй ойлгох болно. Би энэнд итгэлтэй байна.
П.Наран
Эх сурвалж: shuud.mn