Төрийн ордонд хоёр дахь өдрөө хуралдахаар цуглаж буй Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хурал эхлэхэд бэлэн болжээ.
Яг одоо хурлын тэргүүлэгчид байраа эзэлж, бэлэн болсон ч зааланд 90 гаруй гишүүн байгаа нь ирц хүрээгүй гэсэн үг юм. ҮЗХ гишүүдээ хүлээж байна.
Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өчигдөр шөнийн 00 цаг өнгөрч байхад завсарлаж, өнөөдөр 14:00 цагт үргэлжлүүлэхээр болсон юм.
Өчигдөр орой 19:00 цагийн үед эхэлсэн хурлын эхэнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар илтгэл тавьж, хурлыг дээрх хоёр дарга болон АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь удирдан явуулж байсан ч гишүүдийн саналаар хурал удирдагчдыг өөрчлөхөөр болж, нилээн ширүүн маргаан өрнүүлсний эцэст Тооллогын комисс байгуулан, санал хурааснаар хурлын тэргүүлэгчдийг өөрчлөхөөр болж, Хурлын төлөөлөгчдийн саналаар Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нарыг хурлын тэргүүлэгчээр сонгосноор ҮЗХ-ны хурал өндөрлөсөн юм.
Энэ удаагийн хурлаар АН-ын даргыг өөрчилнө гэсэн яриа байсан ч дүрмээрээ бол Их хурал хуралдуулж, намын даргын асуудлыг шийдэх ёстой бололтой. Тиймээс өнөөдрийн хурлаас Их хурлын тов зарлаж, оноос өмнө Их хурлаа хуралдуулах ажилд анхаарал хандуулах нь тодорхой болж байх шиг байна.
ҮЗХ-ээр хэлэлцэх нөгөө нэг асуудал нь Засгийн газрыг огцруулах саналыг дэмжиж, намынхаа эсрэг кноп дарсан гэгдэж буй найман гишүүнд ямар хариуцлага тооцох тухай юм.
Зарим гишүүдийн хэлж буйгаар АН-ын найман гишүүнийг хөөх тухай Хяналтын хорооны тогтоол нь Дүрмийн бус аргаар гаргасан шийдвэр тул хэл ам дагуулах бололтой. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь гишүүдийг намаас хөөх тухай тогтоолын талаар өчигдөр "Хяналтын хорооны тогтоол дангаараа хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны тогтоолыг ҮЗХ дэмжвэл хүчин төгөлдөр болно. ҮЗХ энэ асуудлыг шийднэ" гэсэн тайлбар өгсөн байгаа юм.
ТӨРИЙН ОРДОН. 14:00 ЦАГ.
Хурал хаалттай тул хэвлэл мэдээллийнхэн болон бусад хүмүүс орох боломжгүй