Фото: Vasily Maximov / AFP
Украины Сонгуулийн ерөнхий хороо аравдугаар сарын 26-нд явуулсан Дээд радын сонгуулийн намын жагсаалтын саналын хуудсыг тоолж дуусчээ. Дээд радын сонгуульд ерөнхий сайд Арсений Яценюкийн “Ард түмний фронт” нам ялсан нь саналын хуудсын 100 хувийн тооллогын дүнгээс тодорхой болж байна.
“Ард түмний фронт” нам 22,14 хувийн санал, ерөнхийлөгчийн талыг баригч “Петр Порошенкогийн эвсэл” 21,81 хувийн санал, Львов хотын мэр Андрей Садовыйн “Өөртөө туслах” нам 10,97 хувийн санал, хуучин Бүс нутгийн намынхны “Сөрөг хүчний эвсэл” 9,43 хувийн санал, Олег Ляшкогийн Радикал нам 7,44 хувийн санал, Юлия Тимошенкогийн “Батькивщина” нам 5,58 хувийн санал тус тус авч, парламентад орох эрхтэй болжээ.
Дээд радын сонгуульд өрсөлдсөн бусад 23 нам сонгуулийн таван хувийн босгыг давж чадсангүй. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн албан ёсны дүнг арваннэгдүгээр сарын 10-наас өмнө албан ёсоор зарлана гэдгээ мэдэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР