ҮЗХ-ны хуралд хэвлэл, мэдээллийнхнийг оруулахгүй, хаалттай хуралдаж байгаа. Энэ зургийг хуралд сууж буй УИХ-ын гишүүн М.Зоригт даржээ.
Төрийн ордонд хаалттай хуралдсан АН-ын ҮЗХ-ны 43-р хурал энэ цаг мөчид завсарлалаа. Хурлыг бямба гаригийн 14.00 цагаас үргэлжлүүлэхээр болжээ.
Хурлаас Тооллогын комиссын долоон гишүүн болон хурлын тэргүүлэгчдийг сонголоо. ҮЗХ-ны хурлыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар удирдаж эхэлсэн ч гишүүдийн шаардлагаар хурал удирдах хүмүүсийг өөрчилсөн юм.
Өдрийн 15:00 цагт хуралдахаар товлосон ч түүнийгээ хойшлуулж, оройн 19:00 цагт эхэлсэн АН-ын ҮЗХ-ны хуралдаан хэлэлцэх асуудал руу гаа ч орж чадалгүй, шөнө дөл болтол маргалдсаар өчигдрийн хуралдаанаа дуусгалаа.
Хурлын төлөөлөгчдийн саналаар Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар хурлын тэргүүлэгчээр сонгогдов. Гэсэн ч ҮЗХ-ны гишүүд Засгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдийг намаас хасах, ойрын хугацаанд Их хурлаа хуралдуулах, намын даргаа сонгох гээд олны анхаарал татаж байсан сэдвүүдийн аль алийг нь хэлэлцэж чадсангүй.
Л.ХАЛИУ