АН ирэх сард Их хурлаа хуралдуулах бололтой

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

АН ирэх сард Их хурлаа хуралдуулах бололтой

19.42 цаг

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал үргэлжилж байна. Хурлаар ирэх арванхоёрдугаар сард намын Их хурлыг хуралдуулах талаар ярилцаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн ҮЗХ-ны хурлыг ирэх долоо хоногт дахин хуралдуулж, Ерөнхий сайд болон намын даргынхаа асуудлыг ярилцах бололтой гэх мэдээллийг эх сурвалж өглөө.


19:30 цаг

Яг одоо намын дарга Н.Алтанхуяг үг хэлж байна. Тэрбээр намын гишүүддээ эвтэй байхыг уриалаад, "Сэтгэлээ онгойтол ярилцъя" гэжээ. Гэхдээ намынхан нь түүнийг өрөвдүүлэх тактик ашиглаж байна гэж үзэж байгаа сураг байна.


Төрийн ордон. 18:50 цаг

Төрийн ордны Их танхимд хуралдах гэж буй Ардчилсан намын ҮЗХ-ны хурал товлосон  цагаасаа нэг цаг гаруй хоцорч, дөнгөж сая эхэллээ. Одоогийн байдлаар 194 гишүүнээс 142  гишүүн хүрэлцэн ирсэн байгаа бөгөөд тэдний дунд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээрээ олонд  танигдсан Г.Дэнзэн  байгаа гэнэ. 

Эх сурвалжаас авсан мэдээллээр энэ хурлаар Ардчилсан намын даргыг солих болон шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхгүй гэсэн сураг байна. Харин намаасаа сонгогдсон Ерөнхий сайдыг огцруулахад кноп дарсан найман гишүүнийг хөөх эсэх, хөөвөл хэн хэнийг хөөх вэ гэдэг асуудлыг хэлэлцэх бололтой.

Мөн намын Их хурлыг хэзээ зарлан хуралдуулахыг өнөөдрийн хуралдаанаар ярилцана гэсэн мэдээлэл байна.

Хурлыг намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар удирдан явуулж байна.

 

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж