Түгжилүүдийг цагаатгая

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

Түгжилүүдийг цагаатгая

Ардчилсан намын Ерөнхий сайдыг огцруулахад сөрөг хүчний намынхантайгаа хүч хавсарсан хэсгийг  хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр Түгжил гэж нэрлэсээр түгжилдэх хэмээх үйл үг хүртэл зохиож “өхөөрдөх” болсон.

УИХ-ын гишүүн Бурмаа, Батзандан, Баттулга, Зоригт нар Засгийн газрыг огцруулахаар ил ярьж, тэмцэлдэж, эцэст нь унагааж чадлаа. Ерөнхий сайдыг огцруулах нь зөв буруу байсан гэх маргаан одоо ул болсон учир хэнд ч сонирхолгүй. Харин Ерөнхий сайдыг огцруулах үед ажиглагдсан,  монголчууд бидний хамгийн муухай чанар болох хэнээс ч хэзээ ч урваж чадах авъяасыг яруу тод харуулсан хэсгийг энд онцлохыг хүслээ. Дээр нэр дурдсан гишүүд хэдийгээр төлөөлж орж ирсэн намынхаа эсрэг ажилласан боловч нэрээ нуугаагүй, журмын нөхдөө араас нь хутгалаагүй. Харин УИХ-ын дарга З.Энхболдоор удирдуулсан “Шонхор” фракцийн нөхөд жинхэнэ давхар Түгжил гэдгээ харуулсан нь монголын улс төрд бас нэг муухай жишиг тогтоолоо. Хамгийн инээдэмтэй нь тэд дараа нь явагдах нам доторхи тэмцэлдээ нэр цэвэр байлгах гэж фракцийн даргаа хуралд оруулж, намынхаа байр суурийг дэмжсэн санал өгүүлснээ их ухаантай арга оллоо гэж баясаж суугаа байх даа. Намынхаа байр суурийг дэмжсэн З.Энхболд дарга намын дарга горилж, амжилт олох юм бол нэр нүүрээрээ дэнчин тавьж нуугдсан хэддээ бялуу амсуулна гэсэн тооцоо тэдний толгойд бий. Ийм арчаагүй мэх санаачилсан тэдэнд жинхэнэ давхар Түгжил гэдэг нэр хайрлаж, ил тэмцэлдсэн хэдийг цагаатган эсэргүү гэдэг эвтэйхэн нэр хайрлая. Хэдийгээр олон нийтэд янз бүрээр хэлүүлж байгаач Бурмаа Батзандан Зоригт нар бол харин ч ёс зүйтэй харагдаж байна бусдынхаа дэргэд. Алтанхуягийн сайн муу байсныг эс тооцон дүгнэхэд энэ хүмүүс намдаа очоод хэлэх үгтэй. Ийм ийм бодлоготой нь санал нийлээгүй ингээд болохгүй байсан гээд. Харин гарын үсгээ зурж баталгаажуулчаад гараад нуугдчихсан нөхөд бүгд өвчтэй байсан гэж хэлэх юм байх даа. Улс төр гэдэг үгийг хуучны сайхан кадрууд улсаа хөгжүүлэхийн төлөөх уралдаан хэмээн үздэг байхад өнөөгийн тэнэг гарууд урвах шарвахаа хаацайлдаг шүхэр гээд бодчихож. Ийм муухай араншин Ардчилсан намд өмнө нь ч гэсэн гарч  байсан. Наранцацралт агсаны Засгийн газрын гишүүд хамтран ажиллах боломжгүй гээд Ерөнхий сайдыгаа өөрсдөө өргөн барьчихаж байсан түүх бий. Наранцацралт агсаныг огцруулсан Ерөнхий сайдын ОХУ-д явуулсан бичиг гэх  тэр хорыг нэрсэн гол эзэн Шонхор фракцийн ноён гэдгийг улстөрчид өөрсдөө мартаагүй л баймаар. Мартаагүйгээр барахгүй улстөр гэдгийг хийсэн сонгодог сайхан жишээ гээд бахархан бодож явдаг юм болов уу.

  Улс үндэстнийг мөхөөх ёс суртахууны ялзралын үндэс нь  ичих нүүргүй болох гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй. Энэ ичих булчирхайгаа гээх үзэгдэл улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хэсэгт дэндүү гэмээр нүүрлэчихэж. Муу байлаа муухай байлаа гэхэд өөрт нь хэлээд татгалзчих чадваргүй мөртөө дараагийн суудал горилж тоо бодох тэднийг төр засаг руу ойртуулахгүй байх ёстой юм байна. Тэднээс ямар бодлого шийдвэр гарна гэж хүлээх вэ.

  Улсын баатар Бат-Үүлийн “Би бархирмаар байна” гэдэг өгүүллийг тухайн үед улс төрийн хүрээнд ойр байсан хүмүүс бүгд санаж байгаа. Алтанхуягт өнөөдөр яг л тийм агшин тохиож байх шиг. Ардчиллын амьд домог болсон Бат-Үүл энэ олон жил улс төрд буцлахдаа нүүрээ нууж, хутга ханцуйлж байсангүй. Хэлэхдээ ил хэлж, ирэх цохилтыг өөр дээрээ дааж гарсаар нэр хүндээ бүтээсэн. Тэр нэгэнтээ “Нүүдэлчид уг нь их нэрэлхүү авилага гэдгээс ичдэг, нэр хугарахаар яс хугар гэдэг ард түмэн юм ш дээ. Хэдийдээ яахаараа ингэж хуга явдаг нуруу юм” гэж шогширч байсныг саначихлаа. Нэрээ байтугайг хичээхээ больсон журмын нөхдийн нь дүр төрх түүнд ямар харагддаг бол.

 Улайдаггүй Улаан гэж дэмий ч нэг нэрлээгүй юм байж. Арвин ажаа урвах шарвахын үлгэр дуурайллыг дүү намдаа заахаар уригдан ирсэн юм байна. Сүлжээ дэлгүүр, түргэн хоолны цэг ажиллуулдаг Богд Ганхуяг Бриждээ л сууж байвал дээр санж. С.Эрдэнэ гэдэг хүн Баянголдоо л хамаатан садны улс төрөө хийх хэмжээний ёс зүйтэй нэгэн аж. Баярсайхан гэгч хуурамч дипломтон, Ганбат Одонтуяа нарыг бол дурдаад байх ч шалтгаангүй кнопууд.

 Эдгээрийн дэргэд эхлээд Түгжил нэр зүүсэн хэд бараг л ёс зүйн эталон харагдаж байгаа хойно тэднийг ер нь цагаатгачихвал зүгээр санагдлаа. Бас Түгжил цол горилж байгаа эмэгтэй гишүүд болох Батчимэг Эрдэнэчимэг нар бол дээр дурьдагдагсдаас арай илүү ёс зүйтэй байлаа гэж.        

Н.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж