Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 2024 оны олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх гэж байгаа Парис хотын санаачлагыг дэмжинэ гэж мэдэгдлээ. Тэрбээр TF1 сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр энэ байр суурийг илэрхийлсэн байна. “Хэрвээ хотын удирдлагууд шийдвэрээ гаргавал би дэмжихэд бэлэн” гэж тэрбээр өгүүлжээ.
Францын Үндэсний олимпийн хороо 2024 оны олимпийн төлөө аль нэг хотоо өрсөлдүүлэх эсэх шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа юм. Олимп зохион байгуулбал иргэдийн дэмжлэгийг авах эсэх, мөн нэр дэвшсэний дараах кампанит ажилд зарцуулах 80 сая еврогийн хөрөнгө оруулалт байхгүй учраас ийнхүү одоо болтол шийдвэр гаргаагүй байгаа юм.
Харин Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн учир одоо Францын аль нэг хот олимпийн төлөө өрсөлдөх магадлал өндөр болж байна. Ялангуяа нийслэл Парис өрсөлдөх магадлал өндөр юм. Парис нь 2012 оны олимпийг зохион байгуулахын төлөө өрсөлдөөд Лондонд ялагдсан. Санал хураалтад Лондон 39, Парис 33, Мадрид 31 санал авч байсан юм.
2024 оны олимпийн эрхийн төлөө одоогийн байдлаар Берлин, Хамбург (Герман), Стамбул (Турк), Рим (Итали), Доха (Катар) хотууд өрсөлдөх өндөр магадлалтай байна. Шалгаруулалт ирэх оноос эхэлж, 2017 онд тодорно.
Эх сурвалж: www.mminfo.mn