&#34Ч.Сайханбилэгийг зүтгүүлэх тохироо эрт хийгдсэн&#34

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

&#34Ч.Сайханбилэгийг зүтгүүлэх тохироо эрт хийгдсэн&#34

Ерөнхий сайдыг огцруулахад АН-аас эсрэг кноп дарсан гишүүдээс гадна чуулганы хуралдаанд ирээгүй  долоон гишүүн бий. АН доторх “Шонхор” фракцийнхан зориудаар чуулган  тасалсан нь Ерөнхий сайдынхаа эсрэг кноп дарснаас ч илүү увайгүй үйлдэл гэж ярьцгааж байна. Энэ асуудалтай холбогдуулан саналаа өгөөгүй АН-ын долоон гишүүний нэг Д.Арвингаас дараах тодруулгыг авлаа.

-АН-ын бүлэг Ерөнхий сайдаа авч үлдэхээр гарын үсэг цуглуулж баталгаажуулсан гэж байсан ч огцруулчихлаа. “Шонхор” фракцийн гишүүд чуулганы хуралдаанд оролцож саналаа өгөөгүй. Ямар шалтгаанаар ирээгүй юм бэ?

-Манай фракцийн гишүүд бүх бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдаа авч үлдээд, дараа нь хариуцлагын асуудлыг нам дотроо ярина гэсэн байр суурьтай байсан. Миний хувьд ч тэр намын даргаа авч үлдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурь баримталж байсан. Гэтэл өөрийнх нь “Алтангадас” фракцийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн дээр Н.Алтанхуяг даргыг өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой гэдэг хатуу мэдэгдэл хийж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэдэг зүйлийг ярьсан, тохирсон. Өөрсдөө намынхаа эсрэг ийм зүйл ярьсанд би дургүй хүрсэн. Нэгэнт 100 хувь намаа дэмжинэ гэдэг дээр санал нэгдэж чадаагүй. МоАХ эсрэг, дээрээс нь фракц дотроо Ерөнхий сайдаа огцруулах тухай яриад явчихсан. Үүнийг мэдэрсэн учраас би хувьдаа аль алинд нь оролцохгүй байхаар шийдсэн. Үүний дараа манай фракцийнхан оролцохгүй байя гэцгээсэн. Уг нь бүлэг дээр Ерөнхий сайдаа авч үлдэнэ гэдгээр хамгийн эхэнд манай фракциас С.Эрдэнэ, Д.Ганхуяг бид гурав гарын үсэг зурсан шүү дээ.  Түүнээс зугтсан юм байхгүй.  

-Гэхдээ С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар огцруулахгүй гэж санал өгсөн шүү дээ?

-Харин тэгээд л биднийг төөрөлдүүлчихэж байгаа байхгүй юу. Үүнд улстөрийн зорилго байсан нь гарцаагүй.

-Одоо намаас хөөх тухай ярьж эхэллээ?

-Хасвал тэр л биз дээ. Надад хамаа алга. Би улс орны эрх ашгийн төлөө  л явна гэдгээ хатуу ухамсарлаж байгаа. Хөөвөл сайн л биз. Инээгээд л яваад өгнө. Асуудал өрнөсний дараа бүх зүйл тодорхой болно. Биднийг одоо "Түгжил" гээд л бичээд эхэллээ. Гэтэл өөрсдөө аль эрт фракциуд дотроо хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээ яриад л явж байсан юм билээ. Харин манай “Шонхор”-ынхон тийм зүйл хийж яваагүй  шүү.

-Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлж, МАН-АН-ын Засгийн газар байгуулах гэж байна гэдэг ортой юу?

-Магадгүй шүү дээ. Хамтарсан Засгийн газар байгуулсан хэдэн дэвхрэг ямар ч тоглолт хийж байхыг  таашгүй. МАН, АН-д байгаа хэдхэн дэвхрэг нийлээд юу хийдгийг бид мэднэ. Нийлж хүчтэй болж байгаад хэвлэл мэдээллийнхний амыг барьдаг. Би бол Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад ярьж байгааг мэдээд дургүй хүрсэн.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж