“ТВ коктейль” хамтлагийн дэлгэцийн дөрөв дэх бүтээл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. “Омарын эрэлд” нэртэй адал явдалт, инээдмийн уран сайхны киноны нээлтийн үеэр “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал, Д.Энхбаяр болон жүжигчин Р.Адьяа нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ.
“Омарын эрэлд” дэлгэцийн бүтээлийн зохиолыг “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр бичиж, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг бүтээлүүдийг найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажилласан юм. Харин продюсерээр С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик фильм” студийн зураглаач Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажилласан байна. Эл бүтээлийн гол дүрд “ТВ коктейль” хамтлагийнхан болон жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адьяа нар оролцон тоглосон юм.
Кинонд мөрийтэй тоглож байсан хоёр баян нөхрийг өрөөнд дээрэмдэх зорилготой хоёр бүтэлгүй найз орсоноор үйл явдал эхэлнэ. Киноны хувьд харьцангуй хөгжилтэй зарим хэсгүүд дээр үзэгчдийг савж унатал инээлгэж, уйтгарлах завдал өгөлгүй байсаар кино дуусах аж. Угийн хөгжилтэй төрх, сэтгэлгээгээрээ олны танил болсон “ТВ коктейль”-ийнхэн энэ удаад ч өөрсдийнхөө жанрыг алдсангүй. Тэдний киноны нээлтэд олны танил олон уран бүтээлчид байсны ихэнх нь залуу уран бүтээлчид байв. “Фантастик” продакшны уран бүтээлчид, “Омар” киноны хамт олон “Anemone” хамтлагийн охид, жүжигчин Б.Баярмаа зэрэг олны танил залуу уран бүтээлчид хүрэлцэн ирж анхны үзэгчдийн суудалд заларсан. Кинонд тоглосон жүжигчдийн сонголт тун сонирхолтой инээдмийн уран бүтээлчид нэг дор цуглачихвуу гэлтэй. Мэдээж чамгүй чадварлаг уран бүтээлчдийг сонгон тоглуулсан нь тус бүтээлийн амин сүнс байв уу даа гэсэн бодлыг төрүүлсэн. Хэдийгээр хэт ёжтойгоор үйл явдал, зохиол өрнөх ч бодит амьдралын эмгэнэл болсон асуудлуудыг ч уран бүтээлчид харуулжээ. Залуу хүмүүсийн амьдралыг тэр дундаа эгэл бор амьдрал дунд залуус хэрхэн тэмцэлтэй өнгөрч буйг харуулахыг хичээсэн эл кино тэдний амьдралыг “онилсон уу” гэх ч мэдрэмжийг өгсөн юм.
Э.ТЭКҮ