Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Гэрэл нар өнөөдөр Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дээрх хоёр холбоо хамтран ажиллаж ирсэн туршлага, уламжлал бий. Тиймээс эл харилцааг сэргээх, бэлтгэл, сургалт болон уралдаан, тэмцээний тогтолцоог сайжруулж, үүгээрээ дамжуулан тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарал тавьж, харилцан уялдаатай хамтран ажиллахыг Санамж бичигт онцолжээ.
Санамж бичиг байгуулснаар бөхийн барьцтай барилдааны төрлийн ах дүү бөхийн холбоодын хамтын ажиллагааг бүх шатанд идэвхижүүлж, тамирчдын амжилтыг дэлхийн төвшинд хүргэнэ гэж үзэж байна.
Хамтран ажиллах чиглэлийн хүрээнд Монголын жүдо бөхийн холбоо самбо бөхийн холбоог эрх зүйн талаас бэхжихэд дэмжих, багш-дасгалжуулагч, мэргэжилтэн ажиллуулахад туслах, самбо бөхийн улс, олон улс, тив дэлхийн төвшний тэмцээнд хамтран тамирчдаа оролцуулах, Самбо бөхийн төрлөөр тусгайлан бэлтгэл хийх боломж олгох, самбо бөхийн спортыг Олон улсын олимпийн тоглолтын хөтөлбөрт оруулахад дэмжлэх үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн бол Монголын самбо бөхийн холбоо жүдо бөхийн холбооны үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах, жүдо бөхийн улс, олон улсын тэмцээнд тамирчдаа хамтран оролцуулах, самбо бөхийн төрлийн бэлтгэл, цугларалтаа хариуцах зэрэг үүрэг хүлээжээ.
Дашрамд дурдахад, Олон улсын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч В.Шестаков, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч М.Визер нар мөн Хамтын ажиллагааны санамж бичигт өнгөрөгч 8-р сард гарын үсэг зурсныг ийнхүү Монголын хөрсөнд буулгалаа.
Б.ЭНХ