УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүд олонх нь дэмсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцээд хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн байна. Харин хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоол гаргаж баталгаажуулахаар санал хураахад гишүүдийн дэмжлэг авч чадсангүй.
Мөнгөний бодлогын тухайд Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэх, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах гэсэн заалтыг тогтоолын төсөлд нэмэх нь зүйтэй гэсэн Ажлын хэсгийн саналыг Байнгын хороо дэмжсэнийг УИХ-ын чуулганаар мөн дэмжлээ.
Мөн төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгахаар болсон юм.
Үдээс хойш Эдийн засгийн байнгын хороо дахин хуралдаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
С.ОТГОН