
“Орон байрны дутагдал байхгүй болтол олон жил хүлээх хэрэгтэй болно. Тэр үед зах зээл огт өөр дүр төрхтэй болно” гэж Австралийн Төв банкнаас сайн үнэлгээ авсан “Australian Property Monitors” компанийн эдийн засагч Маттью Белл ярьж байна. Австралийн орон байрны дундаж ханш дундаж өрхийн жилийн орлогоос 6.8 дахин өндөр байгаа бөгөөд энэ үзүүлэлт Их Британид 5.1, АНУ-д 2.9 байна. АНУ, Их Британи, Канад, Ирланд, Шинэ Зеланд, Австрали гэсэн улсуудад хийсэн судалгаагаар 22 сая хүн амтай тус улсын зургаан хот нь хамгийн харьцангүй зардал ихтэй 10 хотод багтсан юм. Австралийн хотууд дахь дундаж орон байрны ханш тавдугаар сарын байдлаар 468,000 австрали доллар буюу 395,000 ам.доллар байв. Харин 2009 онд АНУ-д зарагдсан дундаж орон байр 216,000 ам.долларын үнэтэй байжээ.
7.7 сая км квадрат гэсэн үзүүлэлтээр газарзүйн хувьд дэлхийн зургаадахь том улс гэж тооцогддог тус улсын хүн амын бараг гуравны хоёр нь энэ газар нутгийнхаа ердаа 0.5 хувьд нь л амьдардаг юм. Мужуудын нийслэл найман хотод 14 сая хүн амьдардаг нь ердөө 38,280 км кв талбай эзэлдэг. Дэлхийн хамгийн хуурай тив гэж тооцогддог Австралийн газар нутгийн 70 хувь нь хагас цөлөрхөг бөгөөд үүнтэй холбоотойгоор бэлэн байгуулагдсан дэд бүтцэд түшиглэн шинэ дэд бүтэц, орон байр барихыг Австралийн мужийн захиргаанууд сонирхсон байна. Австралид гуравдугаар сарын байдлаар ажилгүйдэл 5.2 хувь байсан нь АНУ, Европын ажилгүйдлийн хагастай тэнцэж байсан юм.
Бостон хотод байрладаг “Mayo Van Otterloo & Co” компанийн хөрөнгө оруулалтын стратегич Гратам ханш өндөр байгаа нь Австралийн орон байрны зах зээл хөөж байгааг харуулж байна. Хэвийн байдалд орохын тулд одоо байгаагаасаа 42 хувиар буурах хэрэгтэй. Энэ бол яг л цагтай бөмбөг гэсэн үг. Энэ чигтээ хөөсөөр байж чадахгүй. Бүх хөөс томорсоор байгаад хагардаг шиг энэ зах зээл унах болно. Эрт орой хэзээ вэ гэдэг нь л гол асуудал гэж ярьж байна.
Хятадаас орон байр барихад зориулж түүхий эд худалдан авч байгаа компаниуддаа Австралийн засгийн газар хөнгөлөлт үзүүлж байгаа юм. “2008 онд Австралийн орон байрны зах зээл хямралд өртөлгүй амжилттай гарч чадсан. Харин 2011, 2012 онд байдал яаж өөрчлөгдөхийг хэлэхэд хэцүү байна” гэж дэлхийн хамгийн том валютын арилжаа, хөрөнгө оруулалтын сан болох “FX Concepts LLC”-гийн менежер, 7.5 тэрбум ам.доллар хариуцдаг Жон Тейлор ярьж байна.
АНУ, Их Британийн орон байрны зах зээл бүдэрсэн нь гинжин хэлхээсээр тус улсуудын санхүүгийн системийг хямралд оруулсан. Үүнтэй холбоотойгоор Австралийн банкууд орон байрны зээл олгоход тавьдаг шалгуураа чангалсан. Дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахын тулд Австрали ирэх арван жилийн дотор 420,000 орон байр барих хэрэгтэй гэж Канберра хотод байрладаг “Housing Industry Association”-ы ахлах эдийн засагч Харли Дейл ярьж байна.
Австралийн хүн ам илүү жижиг орон байр сонирхож байгаа нь ийнхүү орон байрны зах зээлийн эрэлтийг гааруулж байгаа өөр нэг хүчин зүйл болж байна. Австралийн хүн ам өнгөрсөн жил 2 хувиар нэмэгдэж 22.2 сая болж өссөн. Жилд 180,000 хүн гаднаас цагаачилж очсон ч гэсэн 2056 онд Австралийн хүн ам 35.5 сая болох болно. 2026 он гэхэд нэг орон байранд амьдрах хүний тоо одоо байгаа 2.5-аас буурч 2.3 болох болно гэж судалгааны хандлага харуулж байна.
2008 онд байгуулагдсан Австралийн Орон байрны нийлүүлэлтийн зөвлөлөөс 2009 оны 6 сард гаргасан судалгаагаар нийлүүлэлт эрэлтээсээ 78,800-аар дутаж байна. 2019 онд нийлүүлэлтийн хоцрогдол оргил үедээ хүрэх бөгөөд эрэлт нь нийлүүлэлтээсээ 436,000-аар давах болно гэж тус зөвлөл тооцжээ. “Эдийн засагчдийн ярьж байгаа хэтийн төлөвийн таамаг өөрт нь боломжийн үнээр орон байр худалдаж авч чадна гэсэн бага ч атугай найдлага өгч байна” гэж Тамара Женкинс “Bloomberg” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Т.Бадрах