Энэ сарын 14-23-ны өдрүүдэд Азийн элсний наадамд оролцох гэж байгаа сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр /11.06/ хэвлэлийн хурал зарлаж, эл наадамд оролцох боломжгүй болсон талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрөгч аравдугаар сарын 23-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчийн 6894 тоот захирамж гарч, “Монголын сагсан бөмбөгийн холбоо” ТББ-ыг МУ-ыг төлөөлүүлэн олон улсын тэмцээнд баг тамирчид оролцуулахгүй байхыг Монголын үндэсний олимпийн хороонд /МҮОХ/ даалгасан байна.
Энэ захирамжийг үндэслэн Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ Азийн элсний наадамд оролцох гэж байгаа багийн тэмцээнд оролцох эрхийг хаахыг МҮОХ-ноос хүсчээ. Ингээд энэ сарын 03-ны өдөр МҮОХ-ны шийдвэр гарч, тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна. Харин тамирчдын хувьд тэмцээнд оролцох бүх бэлтгэлээ хангачихаад байхад ийм шийдвэр гарсанд гайхсан байдалтай багаагаа хэлж байгаа юм.
Азийн элсний наадамд оролцох сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тамирчин Ш.Сэдбазар хэлэхдээ, "Тамирчид бидний хувьд олон улсын тэмцээнд оролцох нь маш чухал байдаг. Бид Азийн элсний наадамд оролцох гэж хоёр жил гаруй бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Тус тоглолтын хуваарьт манай баг багтсан байгаа. Энэ маягаараа тэмцээн уралдаан алгасаад байвал олон улс дахь бидний нэр хүнд унана" гэдгийг онцлов.
Дашрамд дуулгахад, манай сагсчид 2012 онд Азийн элсний наадамд оролцож, эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг шагналт дөрөвүгээр байр, 2013 онд мөн Катарын Доха хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг шагналт байрт шалгарч байсан юм.
Хоёр сагсан бөмбөгийн холбооны маргаан үргэлжилсээр байгаа бололтой. Харин энэ маргааны дунд тамирчин, дасгалжуулагчид хохирч үлдэх тохиолдол гарч болохгүй юм.
Ч.БОЛОР