Дарханы АН-ыхан 2014 оны 3-р сард аймгийн намын хорооны бүх гишүүдээ анхан шатны үүрүүдээс нь сонгох сонгуулийг явуулсан боловч Дархан сум нь“Жинхэнэ” болон “Хуурамч”гэсэн хоёр сонгуулийн хэсгийн хороотой болсноос сонгууль будилаантсан байна. АН-ын дүрмээр тухайн сумын зөвлөл сонгуулийн хэсгийн хороог байгуулдаг болов ч хуучин намын дарга болох Н.Мөнхдаш нар нь дүрмийн бус хурал хийж О.Цолмонг Дархан сумын АН-ын даргаар томилж хуурамч тамга тэмдэг ашиглан сонгуулийн хэсгийн хороог дүрмийн бусаар байгуулсан нь саяхан намынхаа Хяналтын Ерөнхий Хорооболон хууль, хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Ийнхүү Хяналтын хорооны шийдвэр гарснаар О.Цолмонгийн хуурамч тамгыг хүчингүй болгож, Дархан сумын АН-ын жинхэнэ дарга Б.Баяраад намын хороогоо хуралдуулахыг даалгасан байна.
Дархан сумын АН-ын хороо өчигдөр ээлжит 7-р хурлаа хуралдуулж, 2014 оны 3-р сарын 22-нд болсон сонгуулийн үр дүнг Дархан сумын АН-ын сонгуулийн “жинхэнэ” хэсгийн хорооны илтгэлээс сонсож, аймгийн намын хороонд Дархан сумаас нэр дэвшин сонгогдсон нэр бүхий 57 гишүүний эрхийг баталгаажуулжээ. Мөн Дархан сумын гишүүдийн хандив тусламжаар намын шинэ байр нээж, ашиглалтанд оруулсны зэрэгцээ ирэх жилийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.