Монгол Улсын 27 дахь сайд Н.Алтанхуяг албан тушаалаасаа өчигдөр огцорч, Ардчилсан намынхны дунд дараагийн Ерөнхий сайдыг тодруулах марафон эхэлжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр тодрох магадлалтай гэх хэд хэдэн хүний нэр ч дуулдаж байна. УИХ-ын дарга З.Энхболд, хотын мэр Э.Бат-Үүл, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, БШСУ-ы сайд Л.Гантөмөр нарыг нэрлэж байна. Дээрх хүмүүсээс 28 дахь Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн бол Ч.Сайханбилэг. Алтангадас фракцид харъяалагддаг тэрбээр Ардчилсан нам дотроо нэр хүнд сайтай. Залуу, харьцангуй нэр цэвэр түүнийг нам нь төдийгүй сөрөг хүчин нь ч дэмжих магадлал өндөр. Мөн амбиц ихтэй фракциудынхаа эв нэгдлийг хангаад ажиллаад байж чадах хүн гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэцгээж байгаа юм. Ч.Сайханбилэг хэрэвзээ Ерөнхий сайд болбол Шинэчлэлийн Засгийн газрын бодлого цаашид үргэжилнэ. Шинэчлэлийн Засгийн газарт эхлүүлсэн олон ажил бий. Түүнийг нь дуусгах хэрэгтэй гэж АН-ынхан ярилцсан сураг байна.
Ерөнхий сайдад хэнийг нь дэвшүүлэхээ ҮЗХ-ны хурлаар шийднэ. ҮЗХ дотроо Алтангадасынхан хүч сайтай тул гараад ирэх боломж харагдаж байгаа. Тиймээс дараагийн Ерөнхий сайдад нэр нь сонсогдож байгаа хүмүүсийн дунд шаанстай байгаа нь одоогоор Ч.Сайханбилэг гэсэн яриа “саарал” ордноос сонсогдож эхэллээ.
М.ЯЛАЛТ