Мич МакКоннел Вашингтоны хамгийн алдартай хүн биш. Гэвч тэр АНУ-ын Сенатын шинэ тэргүүн болох хамгийн нөлөө бүхий хүн болоод байна. Ирэх нэгдүгээр сард шинэ Конгерсс ажилдаа орох үед Мич МакКоннел Сенатын тэргүүн болох юм. Бүгд найрамдах нам өнгөрсөн мягмар гаригт Конгрессын дээд, доод танхимын сонгуульд ялалт байгуулснаар ирэх зургаан жил олонх болох хангалттай суудал олж авсан билээ. Бүгд найрамдахчууд Сенатын тэргүүнээр нэрлээд буй 72 настай Мич Коннел Төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бэйнерын хамт Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн үлдсэн хоёр жилийн хугацаанд Конгрессыг удирдах юм.
Дөрвөн жилд нэг удаа, ерөнхийлөгчийн сонгуулийн дунд болдог завсрын сонгуульд Бүгд найрамдахчууд ялалт байгуулсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Сенатын шинэ тэргүүн болох гэж буй Бүгд найрамдах Мич МакКоннел нар өчигдөр уулзахдаа хуваагдмал биш нэгдмэл хүч болохын тулд хичээж ажиллахаа амлацгаажээ. Ингэхийн тулд нэг нэгэндээ тушаа болохгүй байхаар тохиролцсон гэнэ.
Барак Обама Сенатын болон Төлөөлөгчдийн танхимд олон суудал олж авсан Бүгд найрамдахчуудын шуугиулсан ялалтын маргааш Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “Бүгд найрамдахчууд урьд шөнө сайн нойртой хоносон нь гарцаагүй” гээд Бүгд найрамдахчуудтай хамтарч засгийн эрх барих, зам, гүүрын барилга болон худалдааг өргөжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Харин Мич МакКоннел Бүгд найрамдахчууд Ардчилагчидтай хамтарч ажиллах бүх арга замыг эрэлхийлж, ялангуяа худалдааны гэрээ, татварын хуулийг өөрчлөх асуудлаар хамтарч ажиллахаа мэдэгджээ. Мягмар гаригийн АНУ-ын парламентын завсрын сонгууль Бүгд найрамдахчуудад америкчуудын анхаарлын төвд байгаа 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх замыг засч өгсөн гэхэд болно.
Гол зүйл бол Ардчилагчид болон олонх болсон Бүгд найрамдахчууд сүүлийн жилүүдэд Вашингтоны толгойн өвчин болоод буй хуулийн гацааг арилгаж чадах уу үгүй юу гэдэг асуудал. Цагаачлалын асуудал мөн хамгийн их анхаарал татаж буй аж.
Барак Обама энэ оны эцэс гэхэд Конгресс арга хэмжээ авахгүй бол тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг албадан гаргах болно гэсэн байна. Сенатын шинэ тэргүүн Мич МакКоннел ерөнхийлөгч Барак Обамад цагаачлалын системийн асуудлаар хэт нэг талыг барихгүй байхыг анхааруулсны дараа Барак Обама дээрх амлалтыг өгсөн аж.
Харин Мич МакКоннел тус улсын хамгийн эмзэг цагаачлалын асуудалд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргавал Барак Обама зөвхөн Бүгд найрамдахчуудын дайсан болно гэсэн байна. Үүнээс гадна шинэ Конгресс Канадаас АНУ руу газрын тосны хоолой барих хуулийн төслийг баталж, Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн шинэчлэлийн хуулийн зарим заалтыг хүчингүй болгоход анхаарна гэдгийг Сенатын шинэ тэргүүн тодорхой хэлсэн гэнэ.
Бүгд найрамдахчууд сонгуулийн кампанит ажилдаа Барак Обамагийн засаглалын бодлогын алдааг овжин ашигласан гэж болно. Эдийн засгийн сэргэлт удаан, эбола вирусын тархалт, болон Ирак, Сирид АНУ-ын явуулж буй бодлогын үр дагавартай холбоотой ИУ-ын аюул зэргээс болж Америкчууд ерөнхийлөгчдөө итгэл алдарсан нь Бүгд найрамдахчуудын ялалтад нөлөөлсөн. Мягмар гаригт болсон Конгрессын дээд, доод танхимын завсрын сонгуулийн дүнгээс харахад сонгогчдын гуравны хоёр нь АНУ буруу замаар явж байна гэж үзсэн бол ердөө 30 хувь нь л ерөнхийлөгчийг зөв зам сонгосон гэж үзжээ.
Бүгд найрамдахчууд ийнхүү 60 жилийн тэртээ ардчилсан ерөнхийлөгч Харри Труманы үед л эзэлж байсан 246 суудлыг эзэгнэхээр болж байгаа юм.
Н.ЭНХТУЯА