Ирэх онд нээлтээ хийх шилдэг 10 кино

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Ирэх онд нээлтээ хийх шилдэг 10 кино

Ирэх онд нээлтээ хийхээр хүлээгдэж буй шилдэг 10 киноны мэдээллийг хүргэж байна. Энэхүү жагсаалтаас кино сонирхогчдын анхаарлыг гойд татдаг “Галзуу хурд”, “Авенжерс”, “Оддын дайн” зэргийг онцолж болох юм. Ингээд эдгээр болон бусад киноны бүтсэн түүх, өрнөх үйл явдал, тоглосон жүжигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.

10. “THE WOMAN IN BLACK: ANGEL OF DEATH”

“Woman in Black” киноны өмнөх анги 2012 онд гарсан бөгөөд Харри Поттерийн дүрээрээ алдартай жүжигчин Дэниел Рэдклифф гол дүрд нь тоглосон билээ. Уг киног бүтээхэд $15 сая ам.долларыг зарцуулсан ч $127 сая ам.долларын ашиг олж “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Тус кинонд сүнс хоргодсон байшинд өрнөх аймшигт үйл явдлууд гардаг. Харин ирэх онд гарах киноны талаарх урьдчилсан мэдээгээр дэлхийн хоёрдугаар дайны үеэр зугтаж яваа хүүхдүүд “Eel Marsh” байшинд амьдрахаар очих ба тэнд хоргодсон эмэгтэйн сүнсийг сэрээснээр үйл явдал өрнөх аж. Харин энэ удаад гол дүрийг Рэдклиффийн оронд Том Хоппер бүтээх юм байна.

9. “FAST AND FURIOUS 7”

Жүжигчин Пол Уокерыг ослоор нас барснаас хойш “Fast and Furious” киноны ирээдүй бүрхэг болсон билээ. Гэсэн хэдий ч киноны багийнхан ажлаа зогсоох эрхгүй юм. Ямартай ч ирэх онд гарах кинонд жүжигчин Вин Дизель, Дуэйн Жонсон, Жейсон Стэтхэм тоглосноос гадна Пол Уокерийн хамгийн сүүлийн уран бүтээл болжээ. Гарсан анги бүр нь сая сая долларын ашиг олж “Box Office”-ийн жагсаалтанд бичигддэг уг киноны энэ удаагийн цуврал нь ч амжилттай болно гэж шүтэн бишрэгчид нь найдаж байгаа аж. “Fast and Furious 7” -д ахынхаа өшөөг авна гэж тангарагласан Иан Шоугийн адал явдлын тухай өгүүлэх юм.

8. “FOCUS”

Жүжигчин Уилл Смит үзэгчдийн хүсэн хүлээж байгаа “Focus” киногоор дэлгэцнээ эргэн иржээ. Энэхүү кинонд Ники Сперджен хэмээх мэргэжлийн луйварчин залуу нэгэн бүсгүйд өөрийнхөө мэддэг чаддаг бүх зүйлийг зааж өгдөг. Тэр бүсгүйн дүрд жүжигчин Марго Робби тоглосон ба Никитэй хайр сэтгэлийн холбоотой болсноор романтик адал явдал өрнөдөг. Удалгүй тэд хоёр тийшээ болох боловч бүсгүй хэдэн жилийн дараа эргэн ирж түүнийг төвөгтэй луйврын амьдралаас нь салгах хэцүүхэн сорилттой тулгарна. Уг киноны найруулагчаар Гленн Фикарра болон Жон Секуа нар ажиллажээ. Тэд киноны гол дүрээр Райан Гослинг, Брэд Питт болон Бен Аффлек нарыг төлөвлөж байсан ч Уилл Смитт бүх шалгуурыг хангаж чадсан аж.

7. “IN THE HEART OF THE SEA”

Кино найруулагч Рон Ховард бол адал явдалт болон уянгын киноны мастер билээ. Тэрбээр 2015 онд “In the Heart of the Sea” хэмээх уран бүтээлээ гаргахад бэлэн болжээ. Жүжигчин Бенжамин Уокер, Оуэн Чейз, Киллиан Мёрфи нар далайд усан онгоц нь аварга халимны дайралтанд өртөж сүйрснээс хойш амь гарахаар тэмцэж буй 90 өдрийн адал явдлыг чадварлагаар үзүүлжээ. Энэ тэмцлийн үед тэд хүн хүнээ идэх явдал буюу каннибализмыг хүртэл даван туулах шаардлага тулгардаг ажээ. Яг ийм явдал 1820 онд болж байсан аж.

6. “ANT-MAN”

Найруулагч Эдгар Райт “Marvel Comics” компаний “Ant-Man” хэмээх номоос сэдэвлэн урт хугацааны хүлээлт үүсгэж буй киногоо бүтээжээ. 2015 оны зун нээлтээ хийх супер баатрын тухай тус киноны гол дүрд жүжигчин Полл Рад тогложээ. Мөн Жуди Грир, Майкл Пенья нар тоглосон аж. Радд ер бусын хүч чадал өгдөг, харахад шоргоолжийг санагдуулам хуяг дуулга өмсөж дэлхий ертөнцийг аврахаар удирдагчтайгаа хамт тусгай үйл ажиллагаа зохион байгуулдаг баатрын дүрийг бүтээжээ.

5. “TOMORROWLAND”

“Tomorrowland” магадгүй “Walt Disney” компаний хийсэн хамгийн адал явдалтай кино байх. Жорж Клуни болон Бритт Робинсон нарын тоглосон тус кино залуу охин болон суут ухаантан хоёрын адал явдыг өгүүлэх аж. Киноны нэр нь Диснейлэнд паркын нэг хэсэгтэй адил боловч тайз засал нь түүнээс арай өөр байх ажээ. “Tomorrowland” -ын трейлэр нь гарчихсан боловч үйл явдал нь төдийлөн тодорхой биш байгаа ба удахгүй илүү нарийвчилсан байдлаар үзэгчдэд толилуулахаа амлаад байгаа юм.

4. “JURASSIC WORLD”

Анх 1993 онд дэлгэцнээ гарч байсан “Jurassic Park” кино туйлын бодит зураглалаараа хүмүүсийн дунд ихээхэн шуугиан тарьж байжээ. Уг киноноос улбаалан хоёр ч кино хийгдсэн ба нэгд нь жүжигчин Сэм Нилл удаахад нь Жефф Голдблюм гол дүрийг бүтээж найруулагчаар нь Стивен Спилберг ажиллажээ. Үүнээс 14 жилийн дараа гарч буй кинонд нь шинэ жүжигчид болох Крис Прэтт болон Жуди Грир нар тоглосон байна. Албаныхны зүгээс одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ч чанартай уран бүтээл хийхийн тулд ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа сурагтай.

3. “AVENGERS: AGE OF ULTRON”

Зургаан супер баатрыг нэгэн дор цуглуулснаараа уг кино гайхамшигтай билээ. Өмнөх анги дээр харийн дайснууд дэлхийг сөнөөхөөс баатрууд авран хамгаалдаг. Харин энэ удаад төмөр хүн буюу Тони Старкын дэлхийд энх тайвныг тогтоохын тулд зохион бүтээсэн роботууд хүн төрөлхтний эсрэг ажиллаж эхлэх ажээ. Ультрон гэдэг нь өөрийн удирдлагатай хиймэл оюун ухааныг хэлдэг аж. “Avengers” багийнхан тэрхүү хиймэл оюун ухаант роботуудыг устгаж, дэлхий ертөнцийг хамгаалахын төлөө тэмцэх юм. Уг кинонд өмнөх кинонд тоглосон Марк Руффало, Джереми Реннер, Скарлетт Йоханссон, Крис Эванс, Крис Хемсворт нар тус тусын дүрээ бүтээсэн байна. Мөн найруулагчаар нь Жос Уидон ажиллажээ.

2. “FIFTY SHADES OF GREY”

Ирэх жилийн гэгээн Валентины баяраар тус киноны нээлт болох ажээ. Энэхүү киног тэрбумтан залуу Кристиан Грей сурагч охин Анастасия Стилтэй уулзсанаас хойш түүнийг эротик адал явдалд уруу татдаг тухай өгүүлдэг “Fifty Shades of Grey” зохиолоос сэдэвлэжээ. Хэдийгээр киноны гол дүрд хүмүүст төдийлөн танил болоогүй жүжигчид болох Дакота Жонсон болон Жейми Дорнан нар тоглосон ч борлуулалтаараа тэргүүлдэг зохиолоор хийсэн кино учраас амжилт олно гэдэгт киноны багийнхан итгэлтэй байгаа юм. Сексийн хурц өрнөлүүдтэй энэхүү кинонд үзэгчдийг алмайруулж, цочроох хэсэг олон бий гэсэн шүү.

1. “STAR WARS: EPISODE VII”

“Star Wars” 2015 онд эргэн ирснээр сая сая үзэгчдийг хошууруулах нь эргэлзээгүй юм. Өмнөх ангиудад жүжигчин Лиам Нисон, Эван МакГрегор нар тоглосон бол энэ удаад шинээр төрж буй уран бүтээлчид болох Харрисон Форд, Марк Хэмилл болон Кэрри Фишер нар дүр бүтээжээ. Мөн энэ удаад найруулагч Жорж Лукас найруулагчаар нь ажиллаагүйд үзэгчид жаахан сэтгэл дундуур байгаа ч Жейкоб Абрамсын удирдлага дор өмнөхөөс дутахааргүй сайн бүтээл гарна хэмээн найдаж байгаа аж.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж