Амьд малын арилжаа боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Амьд малын арилжаа боллоо

-Баянхонгор аймагт болсон анхны арилжаагаар 12 хонь арилжлаа-

Баянхонгор аймагт амьд мал арилжих анхны туршилт өнөөдөр амжилттай боллоо. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн биржийн албаныхан арваннэгдүгээр сарын 3-нд тус аймгийн зорин бэлтгэл ажлаа хийсэн бөгөөд анхны арилжаа өнөөдөр 11.00-12.00 цагийн хооронд болсон байна. Энэ талаар амьд малын анхны арилжааг зохион байгуулж буй албаны төлөөлөл болох Баянхонгор аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, бирж, хоршоо хариуцсан мэргэжилтэн Ц.Гантөмөрөөс тодрууллаа.

-Анх удаа амьд малыг ХАА-н биржээр орууллаа. Арилжаа ямар болсон бэ. Хэдэн мал арилжих санал ирсэн бэ?

-Амьд малын анхны туршилтын арилжаа өнөөдөр Баянхонгор аймагт амжилттай боллоо. Арилжаанд оролцохоор аймгийн төв, Өлзийт, Баянцагаан, Хүрээ марал сумаас нийт 948 толгой мал худалдах санал ирүүлсэн. Энэ саналыг үндэслэн хотод байрлах ХАА-н биржтэй цахимаар холбогдож, арилжаагаа явууллаа.

-Үүнээс хэдэн малыг хэдэн төгрөгөөр худалдах хэлцэл хийсэн бэ?

-Дээрх саналуудаас 12 толгой мал худалдан авах санал Улаанбаатар хот, Дархан, Баянхонгор аймгаас санал ирж, хэлцэл хийлээ. Үндсэндээ өнөөдөр 12 хонь арилжлаа. Ингэхдээ малын амьдын жингийн нэг кг-ыг 1850 төгрөгөөр тооцсон.  

-Амьд малыг арилжаанд оруулахад ямар шаардлага тавьсан бэ?

-Ер нь эр малын амьдын жин 50 кг, эм малынх 40 кг-аас дээш байвал арилжаанд оруулах шаардлага тавьж байгаа. Өнөөдрийн арилжсан мал нь жингийн шаардлагадаа хүрсэн дандаа эм хонь байлаа.

– Цаашдаа аймагт амьд малын арилжааг хэрхэн явуулах вэ. Анхаарах ямар асуудлууд гарч байсан бэ?

-Арилжааг өнөөдөр эхлүүлсэн бол цаашдаа долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт тогтмол явуулахаар боллоо. Анхны арилжаа гэдгээрээ цаашдаа анхаарах асуудлууд гарч л байна. Жишээ нь, малчид малаа арилжаанд оруулах гээд шууд ачаад ирсэн байна. Гэтэл худалдан авах үнийн хэлцэл тохирохгүй, жиндээ хүрэхгүй бол малаа буцаагаад аваад явж байна. Өнөөдөр гэхэд авчирсан малаас 12-ыг нь л худалдлаа. Тиймээс цаашдаа хотын ХАА-н биржтэй холбогдож мал арилжих үнийн санал, тоог тодорхой болгож, хэлцэл хийсний дараа малаа авчрах хэрэгтэй гэх зэрэг зохицуулалт хэрэгтэй.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж