Монгол Улсын Ерөнхийлөгчид Намиби, Колумби, Катар, Бахрейн, Венесуэл улсын Элчин сайд нар итгэмжлэх жуух бичиг барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Намиби, Бүгд найрамдах Колумби, Катар, Бахрейны Вант улс, Боливарын Бүгд найрамдах Венесуэл улсын Элчин сайд нар тус тус Итгэмжлэх жуух бичиг барив.
Жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзсан юм.
Бүгд найрамдах Намиби улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ринго Абед Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох гэж буйг тэмдэглээд харилцааг идэвхжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Өмнөд Африкийн орнууд, түүний дотор эдийн засаг нь хурдан өсч байгаа Намиби улстай хамтран ажиллахдаа таатай байдгийг илэрхийлэв. Мөн 1990-ээд оны сүүлээр Намиби улсад Олон улсын Парламентын холбооны хуралд оролцож байсан тухайгаа ярьж, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар Элчин сайдын ажилд тусалж дэмжиж байх болно гээд ажилд нь амжилт хүсэн ерөөв.
Бүгд найрамдах Колумби улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тито Саул Пинилья уулзалтын үеэр МУИС, Колумбийн үндэсний их сургуулийн хооронд харилцаа, оюутан солилцооны ажлыг хөгжүүлэх талаар дурдан ярилаа. Мөн бизнесийн салбарын харилцааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны Гадаад харилцааны дэд сайд нар харилцан айлчилж ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт хийсэн нь хоёр талын харилцаанд чухал алхам болсныг дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Колумбын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн мэндчилгээ дамжуулж, боловсрол, бизнесийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг хэллээ. Мөн Монгол Улсын ЭСЯ-ыг Бразиль улсад байгуулсныг дурдаад түүгээр дамжуулан хоёр орны харилцааг идэвхжүүлэх боломжтойг хэлэв.
Катар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Султан бин Салмин Сайд аль Мансуритай хийсэн уулзалтын үеэр хоёр орны харилцаа батлан хамгаалах, дэд бүтцийн салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах боломж байгааг дурдлаа. Хоёр талын хооронд дээд түвшний харилцан айлчлал хийж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжилд түлхэц болно гэдгийг мөн хэлж байлаа.
Бахрейны Вант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Анвар Юсуф Абдулла аль-Абдуллатай уулзах үеэр тус улстай 1998 онд дипломат харилцаа тогтсноос хойш талуудын харилцаа, хамтын ажиллагаа сайн хөгжиж буйг тэмдэглэлээ. Хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалт, газрын тосны салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг мөн тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бахрейны Хаан Шейх Хамад бин Иса аль Халифад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Боливарын Бүгд найрамдах Венесуэл улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иван Антонио Зерпа Гэрреро уулзалтын эхэнд тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэв. Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро Монгол Улстай ирэх 25 жилд харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг Элчин сайдад чухалчлан захисныг мөн дамжууллаа. Монгол Улс олон улсын түвшинд Венесуэл улсыг дэмжиж ажилладагт талархал илэрхийлэв. Тус улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход Монгол Улс дэмжлэг үзүүлсэнд баярлаж буйгаа мөн илэрхийлэв. Венесуэлийн Парламентад Венесуэл-Монголын бүлэг байгуулах санал дэвшүүлэх бодолтой байгаагаа Элчин сайд бас дуулгалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод халуун мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны харилцаанд биечлэн анхаарал тавьж буйд нь баяртай байгаагаа илэрхийлээд Элчин сайдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөв.
Эх сурвалж: www.president.mn