Пусаны олон улсын кино наадмаас “Шинэ давалгаа” төрөлд гранпри шагналыг хүртсэн “Алсын удирдлага” киноны аялал дуусаагүй бололтой. Тус уран бүтээл дэлхийн олон арт хаус кино наадмуудаар аялж, үзэгчдийн хүртээл болоод байгаа юм.
Харин энэ удаа тус уран бүтээл Энэтхэгийн олон улсын кино наадамд оролцож үзэгчдийн хүртээл болсон байна. АНУ, Герман, Канад, Швейцарь, Финланд, Ливан, БНСУ, БНХАУ, Аргентина, Польш, Швед, Монгол, Энэтхэг зэрэг 40 гаруй орны киночид тус наадамд оролцжээ. “Алсын удирдлага” киноны найруулагч С.Бямба өөрийн биеэр эл наадамд оролцсон бөгөөд Монгол улсаас Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяраа хүндэт зочноор оролцсон гэнэ.
Сонирхуулахад “Алсын удирдлага” кино Европт өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд нээлтээ хийсэн дариудаа дэлхийн томоохон дөрвөн кино наадамд оролцох урилга хүлээн авсан юм.
Э.ТЭКҮ