Хар тамхи тээвэрлэх шумбагч онгоц илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Хар тамхи тээвэрлэх шумбагч онгоц илрүүлжээ

Эквадор улсын цагдаа, хилийн цэргийн хүчин Колумби улстай хил залгаа нутагт 12 тонн хүртэл хар тамхи тээвэрлэх хүчин чадалтай бага оврын шумбагч хөлөг илрүүлж, 11 хүн баривчилсан тухай өнгөрөгч ням гаригт хэвлэл мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ.
Хар тамхины гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн албаны дарга Хоел Лоаисо хэвлэл мэдээллийнхэнд хандан “Янзбүрийн оронд 12 тонн хүртэл хар тамхи тээвэрлэн хүргэх зориулалттай, шаардлагатай үед далайн гүн рүү шумбах чадвартай онгоц юм” гэж мэдээлсэн байна.
Тэрээр “хар тамхины наймаачид Эквадор улсад өөрийн гэмт үйлдлийн арга барилаа улам өөрчлөн шинэчилж байна” гэсэн байна. Шумбагч онгоц нь гар хийцийн байсан ажээ. Өнгөрөгч тавдугаар сард 4 тонны хүчин чадалтай 15 метрийн урттай шумбагч онгоц илрүүлж байсан удаатай.
Сан Лоренсо суурины ойролцоо илрүүлсэн энэхүү шумбагч онгоц 30 м урт, 2,7 м өндөр бөгөөд АНУ-д хар тамхи тээвэрлэн хүргэх, 100 хувь далайн гүнд шумбан явах чадвартай  юм байна. Эквадор улс хэдийгээр хар тамхи үйлдвэрлэх талаар Андын нурууны бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад гол оронд тооцогддоггүй ба кокагийн навч тариалах явц эхлэлийн төдий байгаа тухай НҮБ-ын сүүлийн тайланд дурджээ.
Эквадорын ерөнхий прокурор Вашингтон Пестаньес “Манай улс хар тамхи дамжуулан өнгөрөөдөг орон гэж санаа тайвширч болохгүй юм” гэж мэдэгдсэн байна. Эквадор улс 2009 онд хар тамхи үйлдвэрлэдэг 12 лаборатори илрүүлэн устгаж, 64 тонн кокаин нийт 68,5 тонн мансууруулах бодис илрүүлэн устгасан аж.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж