Хамгаас удаан захирсан нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хамгаас удаан захирсан нь хэн бэ?

Хамгаас удаан захирсан нь хэн бэ?

Цэргийн эргэлтийн дараа Буркина-Фасо улсыг 1987 оноос хойш 27 жилийн турш захирч байсан ерөнхийлөгч Блэз Компаоре хэдхэн хоногийн  өмнө албан тушаалаа орхиод зугтав. Гэхдээ тэр хамгийн удаан засаг барьж байгаа хүн биш юм. Жишээлбэл, Жозе Эдуардо Душ Сантош Анголыг 35 жилийн турш удирдаж байна. Оманы султан Кабус бен Саид  одоо 44 дэх жилдээ улсаа захирч сууна. Өнөөдрийн урт настай удирдагч нарыг дарангуйлагчид гэж болох талтай. Тэдний захиргаа нь дэвшилийн төлөө гэж эхэлсэн ч улс орон ард түмнээ хүнд байдалд оруулсан билээ.

Блэз Компаоре, Буркина-Фасо, 27 жил

Африкийн Че Гевара гэж хэлэгдэж байсан өөрийн шеф Том Санкарыг унагасны дараа тэр ерөнхийлөгчийн карьераа эхэлсэн юм. Олон ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд 60-аас дээш хувийн саналаар ялж байв. Харин өнөөдөр шефийнхээ замаар орон,  “Арабын хавартай” адилтгасан  гудамжны эсэргүүцлийн улмаас  тэр огцрон зайлж цэргийнхэнд засгаа алдав.

Кабус бен Саид, Оман, 44 жил

Орчин үеийн Оманыг бий болгосон тэрээр 30 насандаа өөрийн эцгийг  засгаас зайлуун улсаа толгойлжээ.  Дараа нь өргөн цар хүрээтэй өөрчлөлтийг эхлүүлсэн байв. Түүний үед тус орны Үндсэн хууль батлагдсан ч засгаас түүнийг зайлуулсангүй. Одоо 73-тай султан  хууль ёсны хүүхэдгүй учир хэнд засгаа шилжүүлэх нь тодорхойгүй.

Роберт Мугабе, Зимбабве 27 жил

Ерэн настай Роберт Мугабе улс орноо 27 жилийн турш захирч байна. Дэвшилтэд зүтгэлтнээс тэр авторитар захирагч болон хувирч цагаан арьстан фермерүүдийг улсаасаа хөөн улс төрийн өрсөлдөгч нараа зайлуулж чадсан юм. Түүнтэй танил нэгний ярьснаар тэр булшинд орохоор яараагүй, албаны өрөөндөө  “нисч” байгаа ажээ.

Эмомали Рахмон, Тажикистан, 20 жил

Цахилгаанч, худалдагч, хамтралын дарга Рахмон ач зээ нартаа ярих түүх ихтэй. Хэдэн жилийн иргэний дайны дараа тэрээр сөрөг хүчнийхээ зарим хэсэгтэй нь тохиролцож, үлдсэнийг нь устгасан юм. Тажикийн ерөнхийлөгч 2007 онд Рахмонов гэж орос маягаар бичдэг овгоо Рахмон болон хувиргасан юм. Белорус шиг Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ажлаа 2003 онд хийж, хязгааргүйгээр  улсаа удирдах болжээ. 2011 оны Дэлхийн ардчиллын индексээр Тажикстан авторитар дэглэмтэй гэгдсэн 151-д бичигдсэн байгаа.

Теодоро Обианг Нгема Мбасого, Экваторын Гвиней, 35 жил

Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгема Мбасого улс орныг олон жил нэг хүний дарангуйлал дор байлгасан авга ахаа  засгаас зайлуулаад 1979 оноос хойш улсаа удирдаж байгаа юм. Авторитар дэглэмээр явж байсан тэрээр 1991 онд  улс төрийн шинэчлэл хийн олон намын системийг бий болгосон. Одоо тэрээр хүнд өвчтэй учраас  залгамжлагчаа шилж буй. Хөвгүүдийнх нь нэг төрийн тэргүүн болж магадгүй байна.

Ислам Каримов, Узбекистан, 25 жил

Зөвлөлтийн дараах орон зай дахь урт хугацаагаар засаг барьж буй хүмүүсийн нэг. Тэрээр 1989 оноос Зөвлөлтийн Узбекийн Коммунист намын  нэгдүгээр даргаар томилогдон засагт гарч иржээ. Төв Ази дахь АНУ-ын  холбоотон гэгдэж байсан тэрээр одоо Орост анхаарч хоёр их гүрний хооронд  шарваж явна. Түүнийг залгамжлана гэж байсан охин Гульнара нь одоо гэрийн хорионд байгаа.

Жозе Эдуардо Душ Сантош, Ангол, 35 жил

Нефтийн инженерийн мэргэжлээр сурч байсан Анголын хоёр дахь ерөнхийлөгч  хуучин социалист орнууд “нөхөр Душ Сантош” нэрээр танил.  Зөвлөлт задарсны дараа тэрээр марксизм-ленинзмаас салаад улсдаа олон намын систем тогтоон зах зээлийн шинэчлэл хийжээ.  Анхны орос эхнэрийнхээ  охиноор дамжуулан Оростой холбоотой байдаг.

Али Хамении, Иран, 25 жил

Исламын бүгд найрамдах улсад парламент, ерөнхийлөгч байдаг ч дээд засгийг нь шашин төрийн захирагч рахбар удирддаг. Бүгд найрамдах улсыг үндэслэгч аятолла Хомейни нас барснаас хойш уг тушаалд Али Хосейни Хаменеи  сууж байгаа юм. Түүнийг хуучинсаг үзэлтэн гэх авч тэрээр саяхан АНУ-тай цөмийн хөтөлбөрөөрөө хэлэлцээр хийхийг мөн суурь эсийн судалгаа явуулах зэргийг дэмжжээ.

Нурсултан Назарбаев, Казахстан, 25 жил

Казахстаны Коммунист намын лидерээс тэрээр тус орны ерөнхийлөгчийн суудалд шилжээд 23 жил болж байна. Бүс нутагтаа нэр хүндтэй лидер.

Александр Лукашенко, Беларусь, 20 жил

Иргэний эрх, авлигатай тэмцэх яриагаар эхэлсэн тэрээр 2004 онд Үндсэн хуулийн шинэчлэл хийн  ерөнхийлөгчид хичнээн ч удаа сонгогдох эрхтэй болжээ. Барууныхан түүнийг Европын сүүлчийн дарангуйлагч гэж нэрлэдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж