Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, 54.5 хувийн саналаар уг асуудал дэмжигдлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 36 нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах нь зөв гэж үзсэн бол 30 гишүүн татгалзсан кноп дарсан юм.

Ийнхүү  Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар түүний орыг хэн залгамжлах вэ гэсэн асуулт монголчуудын анхаарлыг татаж байна. Ялангуяа Засгийг огцруулах асуудал тавигдахтай зэрэгцээд дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг яриа  улстөрийн хүрээнийхний дунд хөндөгдөж эхэлсэн юм.  УИХ-ын дарга З.Энхболдыг Ерөнхий сайд болно гэсэн шум тарсан ч тэрбээр, “Ерөнхий сайд болох хүсэлгүй” гэдгээ хэвлэлээр зарласан.

Ардчилсан намын дүрмээр бол намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой.  Тэгэхээр намынхныхаа дэмжлэгтэйгээр албан тушаалаасаа буусан Н.Алтанхуяг намын даргын суудлаа өгөх нь тодорхой болж байна. Саарал ордон доторх улс төрийн хүрээнийхний дунд өрнөж буй шивнээг сонсоход, Монгол Улсын  28 дахь Ерөнхий сайдад одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн нэр дуулдаж эхэллээ. Ч.Сайханбилэг нь Ардчилсан намдаа нэр хүнд сайтай, фракциудынхаа эв нэгдлийг хангаад ажиллаж чадах чадварлаг боловсон хүчин гэж намынхан нь төдийгүй улс төрийн хүрээнийхэн дүгнэцгээж байгаа юм.

Гэхдээ мэдээж, Н.Алтанхуягийн дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдгээ Үндэсний зөвлөлдөх хороогоороо ярилцаж шийдвэрлэнэ.  Тус нам ойрын хугацаанд Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулахаас өөр аргагүй боллоо.

Хэрэв Монгол  Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдвол Шинэчлэлийн Засгийн газрын бодлого хэвээр үргэжлэх магадлал өндөр. Засгийн газрын хэрэг эрхлэх дарга байсны хувьд танхимынхаа бодлогыг цааш нь үргэжлүүлэх байх гэсэн хүлээлт байна.

Ардчилсан намынхны дунд яригдаж буй хов живийг сонсоход, Ерөнхий сайдад нэр нь дуулдаж буй өөр нэг хувилбар нь хотын мэр Э.Бат-Үүл. Гэхдээ тэрбээр,ҮЗХ-ноосоо гарч ирж чадахгүй байх. Э.Бат-Үүл бол Ардчилсан намын нэг лидер. Ногоон уутыг эс тооцвол 20 жил хөгжөөгүй нийслэлийг 2 жилийн дотор өөрчилсөн гэсэн үнэлгээг аваад байгаа.

Түүнчлэн аль эртнээс л том амбицтай гэдгээ хэвлэлээр нэг бус удаа зарласан УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхий сайд болох уу гэсэн асуулт тавигдах биз.   Мэдээж, түүний дотор эмээлтэй хазаартай морь байгаа нь гарцаагүй.  Гэвч  энэ удаад түүнд шаанс дутна гэдгийг сануулах нэгэн ч байгаа юм. Учир нь тэр ҮЗХ-ноос гарч ирэх боломж бага. Тэгээд ч сөрөг намынхантайгаа нийлж засгаа тонгорсон түүнд итгэл үзүүлэх намын нөхөд цөөхөн.  Нөгөө талаар Х.Баттулга Ерөнхий сайд болбол МАНАН үүсэх вий гэсэн болгоомжлол байга аюм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Ерөнхий сайд болбол АН, МАН-ын хамтрасан засаг байгуулагдах магадлал өндөрсөнө. 

Улс төрийн хүрээнийхний санаад ч орохгүй байгаа нэг хүн бол БСШУ-ны сайд Л.Гантөмөр. "Нэг ардчилал"-аар овоглодог түүнийг боломжгүй хувилбар гэж болохгүй.  Элдвийн муу муухайд хутгалдаагүй АН-ын нэр цэвэр залуучуудын нэг гэж харах хүмүүс ч байна.

  Ийнхүү дараагийн Ерөнхий сайд хэн болох талаарх ил далд хуйвалдаан Н.Алтанхуягийг огцруулах асуудал УИХ дээр дэмжигдэхтэй зэрэгцээд  А нам, Ах намын дунд өрнөж эхэллээ.

Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн АН-ын найман гишүүн:

  1. Р.Амаржаргал
  2. Ж.Батзандан – /Шонхор фракц/
  3. Х.Баттулга – /МОАХ/
  4. Д.Батцогт – /Шонхор фракц/
  5. Р.Бурмаа – /МОАХ/
  6. М.Зоригт – /МОАХ/
  7. Б.Наранхүү – /Шонхор фракц/
  8. Л.Эрдэнэчимэг – /МОАХ/

Санал хураалтад оролцоогүй /Чуулганд суугаагүй/ АН-ын долоон гишүүн:

  1. Д.Арвин – Шонхор фракц
  2. М.Батчимэг – Нэг ардчилал
  3. Д.Ганбат – Шонхор фракц
  4. С.Одонтуяа -Шонхор фракц
  5. Г.Баярсайхан -Шонхор фракц
  6. С.Эрдэнэ -Шонхор фракц
  7. Д.Ганхуяг – Шонхор фракц байна.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж