“Түүхэн жүжгийн сар”-аар аялаарай

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

“Түүхэн жүжгийн сар”-аар аялаарай

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ. Энэхүү уламжлал ёсоор энэ сарын 7-нд түүхэн жүжгийн сар нээлт болох гэж байна. Энэ талаар тус театрын хамт олон MN мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УДЭТ-ын 84 дэх үзвэрийн жилийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд тус театрын захирал Д.Цэрэнсамбуу, уран сайхны удирдаач Н.Сувд, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Урлагийн Гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Найдандорж, Ардын жүжигчин Д.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, М.Тогтохжаргал нар оролцсон юм.

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу хэлэхдээ: “11 сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарласнаас хойш үндэсний сор болсон бүтээлүүдээ үзэгч, түмэндээ өргөн барьдаг уламжлал тогтоод байна. Түүхийн сор болсон бүтээлүүдийг ард түмэндээ үеийн үед хүргэж явах нь уран бүтээлч хүний нэгэн бахархал юм. Энэхүү уламжлалын дагуу энэ сарын 7-ны өдөр 2011 онд “Гэгээн муза” наадмын Гранпри, “Мөнгөн мод” шилдэг бүтээлийн цомыг хүртсэн  Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр нээлтээ хийх гэж байна. Энэхүү жүжгийн араас “Ану хатан”, “Саран хөхөө”, “Оролмаа эх” үндэсний түүхэн жүжиг болон “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Мөн нээлтийн өдөр буюу ирэх баасан гаригийн 17.00 цагаас Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ болох юм. Энэ жилийн хувьд театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын санаачилсан “Долоон найруулагчийн долоон өөр өнгө” төслийн хүрээнд монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг долоон өөр өнцгөөс харууллаа. Мөн олон улсын фестивальд оролцож, гадаадын үзэгчдэд уран бүтээлээ сонирхуулав. Өнгөрөгч аравдугаар сард Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм. Энэхүү төслийн хүрээнд ирэх оны дөрөвдүгээр сараас барилгын засварын ажил эхлэх төлөвлөгөөтэй. Мөн театрын уран бүтээлчид маань зүүн аймгуудад аялан тоглолтоо сонирхууллаа.” гэж хэллээ.

Ингээд Түүхэн жүжгийн сарын үзвэрийн хуваарийг танилцуулья:

Улсын драмын эрдмийн театрын үе үеийн уран бүтээлчид ирэх баасан гариг буюу энэ сарын 7-ны өдрийн 17.00 цагаас Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд оролцох юм.

11.07, 21, 23-нд 18.00 цагаас, 22, 29, 30-ны 17.00 цагт "Тэнгэрийн хүү" түүхэн жүжиг.

11.08, 09-ны 17.00 цагаас "Ану хатан" үндэсний түүхэн жүжиг.

11.14-ний 19.00, 15, 16-нд 17.00 цагт "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжиг.

11.28-ны 19.00 цагт "Оролмаа эх" үндэсний түүхэн жүжиг.

11.09, 15, 23, 29-нд 11.00 цагт "Тэмүүжин" хүүхдийн жүжгийг тус тус тоглох юм.

Ч.БОРГИЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж