Алуурчдын толгойг илсээр байх уу?

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Алуурчдын толгойг илсээр байх уу?

-2014 оны эхний есөн сарын байдлаар автын ослоор 368 хүн нас баржээ. Согтуугаар машин барьж, хүний амь нас хохироосон жолоочид 3-6 жилийн хорих ял оноож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол тэнсэн харгалздаг-

 

Жил хүрэхгүй хугацаанд цал буурал болсон залуухан эмэгтэйг би мэдэх юм. Яагаад ч юм харах болгонд л өмнөөс нь зүрх шимширч, өр өвдөх боловч, өрийг нь дэвтээх ганц аятайхан үг олоод хэлчихэж чаддаггүй юм. Үрээ алдсан эхийн зовлонг нимгэлэх үг үнэндээ ч олддоггүй юм билээ. Амьдралд хөл тавихаар дэрвэж явсан 15 настай охиноо автын ослоор алдсанаас хойш тэр нүднээс гарсан. Хэзээ ч инээж байгаагүй болов уу гэмээр дүнсгэр, уур уцаартай нэгэн болон хувирсан юмдаг. Охин нь түүний инээд хөөр, амьдралын аз жаргал нь байж. Түүний амьдралыг тэр чигт нь амьдын там болгон хувиргасан согтуу жолооч 3 жил 6 сарын хорих ял чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялаар шийтгүүлсэн. Гэхдээ хохирогчийн оршуулгын зардлыг барагдуулсан, анх удаа хэрэг үйлдсэн гээд тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсөн бөгөөд одоо та бидний дунд эрх чөлөөтэй явж байгаа. Энэ шударга ёс мөн үү. Гэвч одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд ийм л ял оноохоор хуульчилсан байдаг юм байна. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар согтуу жолооч бусдын амь насыг хохироосон бол эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Энэ бол цагаан дээр хараар бичсэн Монгол Улсын хууль. Хүний амийг үнэгүйдүүлээд, ийнхүү хуульчилж орхиж. 21

 

5 дугаар зүйлийн 4 т зааснаар энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байх юм. Санаандгүй осол гэж үздэг болохоор ийм хөнгөн ял оноохоор хуульчилжээ. Гэхдээ өнөөдөр Эрүүгийн хуулийг эргэж харахгүй бол горьгүй нь. Хүн хэзээ ч архийг санамсар болгоомжгүй уудаггүй, архи уувал согтоно гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж уудаг. Бас согтуугаар жолоо барьж болохгүйг мэдсэн хэрнээ жолоо барьдаг. Согтуу хүн цагдаад баригдчих вий гэж айдаг болохоос хүн дайраад алчих вий гэж айдаггүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын эрхэм түшээд маань архи уучихаад хүн дайрдаг алуурчдыг өөгшүүлж, толгойг нь илэх хууль баталсан, тэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас л зам тээврийн осол, аваар буурахгүй байна. 2014 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 368 хүн автын ослоор нас барсан бол зөвхөн нийслэлд гэхэд зам тээврийн ослын улмаас  4193  хүн  гэмтэл, бэртэл  авч  122 хүний амь нас хохирчээ. 368 хүний оршуулгын цувааг та төсөөлөөд нэг үзээрэй. Хэчнээн эхийн нулимс урсч, хэдэн хүүхэд өнчирч, хэчнээн “амьтны” гол харлаа бол. Нийслэлийн замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 180-190 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бөгөөд жилд дунджаар 15 гаруй мянган согтуу жолоочийг журамладаг байна. Зөвхөн нийслэлд шүү дээ. Үүнээс гадна цагдаад журамлагдалгүй аз нь түшээд өнгөрсөн согтуу жолооч хэд байгааг тааварлашгүй юм. Хамгийн түгшүүртэй нь зөвхөн замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигч ч хохироод байгаа юм биш гэртээ сууж байгаад согтуу жолоочийн дугуйны “нөхөөс” болсон хэрэг ч гарч байна. Эмэгтэйчүүд хүртэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь эмгэнэлтэй. Саяхан гэхэд хуучнаар Ленин клубын автобусны буудал орчимд буюу Сүхбаатар дүүрэг, Төв шуудангийн уулзвараар хурд хэтрүүлэн орж ирсэн, соната-6 машин шон мөргөсний улмаас 2 хүн газар дээрээ нас барж, 4 хүн хүнд бэртсэн осол гарсан. Энэ машиныг архи хэтрүүлэн хэрэглэсэн эмэгтэй жолоодож явсан төдийгүй дотор нь зорчиж явсан зорчигчид ч бүгд эмэгтэй байжээ. Өглөөхөн та бидний дунд инээгээд явж байсан хүн орой нь автын ослын улмаас амь насаа алдсан тохиолдол гарсаар, нэмэгдсээр байна. Осол гарч, төчнөөн хүний амь нас хохирлоо, согтуу жолооч хүүхэд дайрч хөнөөлөө гэсэн мэдээлэл та бидний чихэнд танил болтлоо хоногшчихож. Өнөөдөр ийм мэдээг сонссон хүн цочирдож, халаглахаа ч байж. Аргагүй бараг өдөр алгасахгүй гарч л байдаг осол, аваар болохоор бид ингэж хэнэггүй хүлээж авдаг болсон байж мэдэх юм. Гэхдээ осол аваар хэлж ирдэггүй болохоор та бидний хэн маань ч, хэзээ ч өртөж болзошгүй аюул нүүрлэж байгааг тааварлашгүй.

        Баримт 1.

 

Монголчууд биднийг хөл бөмбөгийн дэлхийн аваргаар амьсгалж байх үед буюу 2014 оны 6 дугаар сарын 17-ны 06 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн нутаг, 5-р хороо 3-р эмнэлгийн урд талын замд иргэн С гэгч Тоёота Марк-2 маркийн 29-38 УНЯ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож яваад замын хашлага мөргөж, улмаар зорчигч Н газар дээрээ нас барсан хэрэг гарсан. Энэ хэргийн улмаас автомашинд шууд зардлын дүнгээр 9.623.000 төгрөгийн, Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т 997.500 төгрөгийн хохирол учруулсан байна. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх дээрх хэргийг шийдвэрлэх үеэр шүүгдэгч С ийн мэдүүлжээ. “2014 оны 6 дугаар сарын  17-ны өдөр  найз нартайгаа уулзахаар явсан. Хохирогчийн дүү Б-ын  Марк-2 маркийн  машин  жолоодож яваад 3-р эмнэлэгийн урд замд гэнэт машин гарч  ирэхэд баруун гар болон зүүн тал руу дарж замын хашлага шон мөргөсөн. Машинд талийгаач бид 2 явсан. Шөнө 06 цагт осол болсон. Машинд хохирол учирсан. Найз маань амь насаа алдсан. 2009 онд жолооны сургууль төгссөн. Бид хоёр архи уусан байсан юм. Хашаа байшингаа зарж 24 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан. Би хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж “ гэжээ. Харин талийгаачийн ээж Г мэдүүлэхдээ “Талийгаач миний том хүү юм. Осол гарч хүү маань амь насаа алдсанд харамсаж байна. Архи ууснаас ийм асуудал болсон. Миний хүү босож ирэх  биш дээ. Энэ жолооч залуу хүн юм. Нэхэмжлэх зүйл гомдол санал алга байна. Би энэ хүүг урьд нь хоёр удаа харж байсан. Оршуулгын зардалд 14 сая төгрөг бэлэнээр төлсөн” гэжээ. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сар хорих ял оногдуулж шийтгэжээ. Улмаар шүүхээс шүүгдэгч С анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохиролд 24 сая төгрөг төлсөн,  хэргээ гэмшсэн, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний хувийн  байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсан байна.

        Баримт 2.

2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 55 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг 4 дүгээр байрны урд талын үсчин гоо сайхны салоны шатан дээр “Төрийн банкны” эзэмшлийн “Шевролет Круйз” маркийн 58-48 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийж байгаад иргэн А нь Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн 7.17 дах хэсэгт заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай  тохиолдолд  ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж шатан дээр зогсож байсан явган зорчигч О-г  мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Шүүхээс шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, дөрвөн жилийн хорих ял оногдуулсан байна. Гэхдээ хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж хорих ялыг нэг жилийн тэнсэн харгалзах ялаар өөрчилсөн байна.

Л.ТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж