Их хотын худалдааны гудамжинд байрлах “Winsway” лоунжид нэгэн сонирхолтой уулзалт боллоо. УГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгион, НИТХ-ын тэргүүлэгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Ц.Ганхүү, “Либериал хаус” бодлогын судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн О.Чулуунбилэг, Нийслэлийн Соёл Урлагийн газрын дарга Ц.Батцэнгэл /Quiza/ нар “Хотын соёл” сэдэвт ток шоунд “Улс төрд шинэ манлайлагч“ төслийн шилдэг оролцогч нартай хамт уригдан оролцож, санал бодлоо хуваалцлаа. Төслийн шилдэг оролцогч нарын талаас илүү хувь нь хөдөө орон нутгаас шалгарсан. Тэд хотын соёлын талаар үзэл бодлоо байнга илэрхийлдэг эдгээр эрхмүүдтэй хоттой хэрхэн танилцаж, хэрхэн хөглөж байснаа ярилцаж байлаа. Харин тэд өнөөдөр нийгэмдээ тодорхой байр суурийг эзэлж хотын соёлын талаар бусадтай адил өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, санал санаачилга гаргаж, шийдэл эрэлхийлэх хэмжээнд хүрсэн нь бахархууштай. Дуу хуур, шинэ санаа, сонирхолтой мэдээлэл, хөгжилтэй яриагаар өрнөсөн “Хотын соёл” ток шоуд хүрэлцэн ирсэн зочид ийн ярьж байна.
Б.Долгион: Би энэ төслийн ач холбогдолыг маш өндрөөр үнэлж яваа. Үүнийг бид ТВ шоу гэхээсээ илүү шинэ үеийн манлайлагч удирдагч бий болгох Монголын нийгмийг өөрчлөх хөгжүүлэх дараа үеийг бэлдэх томоохон ажил гэж харах хэрэгтэй.
Өнөөдрийн арга хэмжээний тухайд хотын соёл гэдэг нь зөвхөн Улаанбаатарчууд бус монголчуудын хотол олноороо ярьж анхаарал хандуулах асуудал. Олон улсын томоохон арга хэмжээг зохион байгуулах тухай яригдаж байгаа энэ цагт нүдээ олсон чухал сэдвийг хөндлөө. Тийм ч учраас би энэ ток шоунд цаг гарган зорьж ирлээ.
Ц.Ганхүү: Хотын соёлын асуудал байнга хөнддөг сэдэв ч залуусын хандлага арай өөр байна шүү. Залуусын ярианаас хотын соёл гэдэг зөвхөн Улаанбаатарчуудын бус монгол түмний асуудал гэдэг нь харагдаж байна. Бид нүүдэлчин соёл иргэншлээсээ улбаалаад аливаад хурдан суралцах чадвартай ард түмэн. Тэр чадвар энэ манлайлагч залуусаас бүр илүү мэдрэгдлээ. Бахархалтай санагдлаа.
“Хотын соёл” ток шоуг та бүхэн “Улс төрд шинэ манлайлагч” төслийн нэвтрүүлгийн шинэ дугаараас хүлээн авч үзээрэй.