УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 36 нь огцруулах нь зүйтэй хэмээн үзэж 30 гишүүн татгалзсан байна. Ингэснээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар болж байна.
Чуулганы хуралдаанд МАН-ынхан ирцээ бүрдүүлэн оролцож буй бол АН-ын зарим гишүүд санал хураалтанд орохоос бултаж, зугтахаар шийдсэн бололтой. Ингэснээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар МАН-ын бүлгийнхэн, Ардчилсан намын “Шонхор” фракцийн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа Д.Ганбат, М.Батчимэг нарын гишүүн нар санал хураалтанд оролцохгүй зугтах аргаар саналаа өгснөөр эрх баригч хүчин цөөнх болсон юм.
"Шонхор" фракцийн гишүүд ирцэд оролгүй “зугтаж”, хуралдаанд оролцсон Ардчилсан намын Р.Амаржаргал, Д.Батцогт, Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт, Х.Баттулга, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал өгч, "Шударга ёс" эвслээс Г.Уянга Л.Цог нар, МАН-ын бүлгийн гишүүд бүгдээрээ саналаа нэгтгэсэн юм.
Б.Энх