“Асуудлыг хэрхэх нь АН-д л хамааралтай”

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

“Асуудлыг хэрхэх нь АН-д л хамааралтай”

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг чуулганаар хэлэлцсээр байна. Байнгын хорооны бүрэлдэхүүнд МАН-7, АН-7, Шударга ёс эвсэл 3 гишүүнтэй бөгөөд хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал давамгайлсан юм. Харин уг асуудал чуулганд орж ирээд буй энэ үед санал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.

Гишүүд санал шүүмжээ хэлцгээж дууссан бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсний дараагаар санал хураалт явуулна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүн С.Баярцогт “Засгийн газар огцрох эсэх нь МАН-аас биш, АН, Шударга ёс эвсэл, ИЗНН, бие даагчдаас хамаарах ёстой. Улс төрийн төлөвшлийг удаашруулж, намуудын төлөвшлийг хүндрүүлдэг, монголчуудыг олон жижиг болгож хувааж байна. Арав хоногийн завсарлага аваад олонх болсон хэсэг нь ойлголцож чадахгүй байгаа нь төрийн, намын эмгэнэл. УИХ-ын гишүүн бүр өөрсдийнхөөрөө саналаа өгөх байх. Надад 1996 оны гунигт дүр зураг, АН-ын ялагдлын эх байсан нь харагдаж байна. Энэ үр дагаварыг олонхийг бүрдүүлж байгаа АН хариуцах ёстой. Улс төрийн гүнзгий хямралын эхлэл битгий байгаасай” гэсэн бол Ц.Даваасүрэн “Тогтвортой байдлыг дэмжээсэй гэж бодож байна. Тогтвортой байна гэдэг нь хяналт тавих, хариуцлагагүй байя гэсэн үг биш. Тогтвортой байдлаа хадгалаад явах эсэх нь олонх болсон Ардчилсан намын л асуудал. Олон түмний нэр бариад орон гэрээ шатаах вий гэдэг нь үнэн шүү дээ. Үнэндээ сандал ширээний л асуудал байгаа. Ерөнхий сайд огцорсноос энэ бүх хямралыг аваад явчихгүй. Валютын ханшийн өсөлт чинь үлдэнэ шүү дээ. Экспортын хувьд нэг улсаас л хамааралтай байдлаа бодох хэрэгтэй. АН улс төрийн хүчний хувьд тулхтай байх хэрэгтэй” гэсэн юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж