Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулах дэлгэцийн нэгэн шинэ бүтээл удахгүй мэндлэх гэж буй.
Энэ бол “LVA” энтертайнментийн дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино юм. Тус бүтээл хөндөх сэдэв, хамрах хүрээгээрээ өргөн далайцтай дуугарч байгаа бөгөөд хүн хүний харилцаа, эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг харуулах гэнэ.
Киноны гол дүрд, жүжигчин Д.Лхагва, Ц.Цэрэнболд, Ардын жүжигчин П.Цэрэндагва,Гавьяат жүжигчин Ж.Равдан, Ж.Дарамсүрэн нарын тайз, дэлгэцийн шилдгүүд тоглож байна.
Харин киноны ганц эмэгтэй жүжигчин болох дуучин, жүжигчин Дулма Сунрапова ОХУ-ын Буриад улсаас уригдан тогложээ. Тэрээр “Сити” дээд сургуулийг 2008 онд жүжигчин мэргэжлээр төгсжээ. Суралцах хугацаандаа 2007 онд хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ буюу “New stars” эстрад дууны тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлж, хөгжмийн зохиолчийн “Миний дуунууд-2007, 2008” зэрэг тоглолтуудад оролцож байсан.
Бага наснаасаа хөгжим, урлагт дурлаж, дуулж эхэлсэн тэрээр өдгөө ОХУ-ын Буриад улсад дуучнаар ажиллаж байгаа юм. 2008 оноос бие даасан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд “Миний хүсэл” хэмээх анхны цомгоо амжилттай гаргажээ. Харин одоо хоёр дахь цомгоо хэвлэлтэнд явуулахаар ажиллаж байгаа юм байна.
Дуучин бүсгүйг бид удахгүй “Мухар гудамж” киноноос ямар чансаатай жүжигчин болохыг нь харж болох бөгөөд киноны эмэгтэй гол дүр болох Биндэръяад тогложээ. Дулмагийн хувьд, анхны кино гэдэг утгаараа ихэд сонирхолтой санагдсан нь мэдээж юм. Гагцхүү монгол хэл дээр жүжиглэх нь түүнд хүнд даваа байсан талаар бидэнтэй онлайнаар хуучилсан юм.
Ямар ч байсан Дулмагийн бүтээсэн Биндэръяагийн дүр “Мухар гудамж”-ны хурц үйл явдлуудыг илүүтэй зөөллөж, эмэгтэй хүний дуу хоолой, өнгө төрхөөрөө чимж чадсан биз ээ.
Үзэгчдийн хувьд, Монголын кино урлагт жин дарах бүтээлүүдийн нэг гэсэн хүлээлттэй байгаа “Мухар гудамж” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийнэ.
Э.ТЭКҮ