Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүд үг хэлж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр техникийн алдаа юм уу андуурлаас болоод Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн кноп дарагдлаа. Үүнээс болж улс төр хийж байна. Би Шинэчлэлийн Засгийн газрыг дэмжиж, Ерөнхий сайдын огцруулахын эсрэг байгаа. Бид нэг нэгнийгээ барьцаалсан улс төрөөр явж байгаа нь буруу. Асуудалд бодитой хандмаар байна” гэлээ.
Р.Бурмаа: Улстөрийн хариуцлага тооцох ёстой
Ерөнхий сайдыг огцруулах нь зөв гэж үзэж байгаа АН-ын цөөн хэдэн гишүүний нэг нь Р.Бурмаа. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанд “АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай гэрээ байгуулж, сонгуулийн тойрог тохирох гэрээ байгуулсан. Мөн улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг гардан хариуцна гэсэн нь хууль зөрчсөн. Төрийн дээр намыг гаргасан. Төрийн чиг үүргийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцон, улс орны эрх ашиг, үнэт зүйл, итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн. Тийм учраас би Засгийн газрын тэргүүнийг огцруулах кноп дарна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хамт 25 жилийн өмнө ардчиллын төлөө хамт тэмцэж явсан. Тиймээс би намын эрх ашиг гэхээс илүү улс орон, ард түмний эрх ашиг, өвөг дээдсийн сүнс, сүлд огшсон газар шороогоо хамгаалах үүрэгтэй” гэв.
С.ОТГОН