“Хямралыг улам гүнзгийрүүлэх вий”

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

“Хямралыг улам гүнзгийрүүлэх вий”

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлаар гишүүд тус бүрдээ байр сууриа илэрхийлсээр байна. Нэг талд МАН-ын гишүүд, Шударга ёс эвслийн Л.Цог, Г.Уянга, Ардчилсан намын МоАХ фракц нөгөө талд Ардчилсан намын бүлгийн олонх гишүүд Н.Алтанхуягийг огцруулах нь зүйтэй эсэхээр ялгаатай байр сууриа илэрхийлсээр байна.

Гишүүн Ж.Батзандан “28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гаргаж тавьсан. Тэдний нэг нь би. Энэ асуудал нь нэг намын асуудал биш.  Засаглалыг тогтворгүй болгох нь гэж байна. Засаглалын тогтвортой байдал нь парламент тогтвортой байхыг л хэлж буй Үндсэн хуулийн агуулга” гэсэн бол танхимд буй гишүүдээ төлөөлөн С.Оюун “Бид улс төрийн наад захын соёлоо ойлгохгүй нь. Хамтраад урагшлахын талаар ярилцмаар байна. Монголын төрийн нэр хүнд шалдаа унаж байна. Болохгүй, бүтэхгүй байна гээд байдаг. Гэтэл өөрсдөөсөө эхлэх ёстой гэдгээ ойлгомоор байна. Н.Алтанхуяг сайд хичээгээд ажиллаж байгаа нь харагддаг. Маш их сэтгэл гаргаж, шударгаар ажиллахыг эрмэлзэж байгаа. Сөрөг хүчин, цөөнх нь асуудлыг оруулж болно гэтэл олонх нь үүнийг нь дэмжээд унагана гэдэг нь улс төрийн соёл биш. Эрх баригчдын цөөнх нь огцруулах асуудлыг шийднэ гэдэг нь эрүүл зүйл биш” гэв.

Сөрөг хүчний гишүүдийн шүүмжийг үргэлжлүүлэн Б.Бат-Эрдэнэ “Бодлогын том алдаа гарснаас болж л эдийн засаг хүнд байдалд орсон. Төсөв хоёр жил дарааллан нэг их наяд төгрөгөөр тасарлаа шүү дээ. ХАА, МАА-ын салбарт л жаахан өсөлттэй байна. Гэтэл гаргаж буй бодлого хууль нь өсөлттэй салбарынхаа эсрэг чиглэсэн байдалтай байна. Энэ бүх байдлыг цаг алдалгүй шийдэхгүй бол улс орны нөхцөл байдал улам хүндрэхээр байна”гэсэн бол Шударга ёс эвсэл үндсэндээ засгийн талд байгаагаа илэрхийлэн Д.Тэрбишдагва “Өнөөдөр маш чухал асуудал хэлэлцэж байна. Монгол Улсын засгийн газрын 2 жилийн хугацаанд хийсэн ажлыг гал тогоонд нь байсан хүний хувьд мэдэж байна. Сөрөг хүчин нь аливаа асуудлыг засч сайжруулах, хариуцлага ярих нь зүй ёсны хэрэг. Зарим зүйл хоёр жилийн хугацаанд болж буй асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хагас бүтэн сайнгүй хоёр жил ажилласан. Нийгмийн хямрал бий болчихоод буй энэ үед засгийг огцруулснаар улс орны язгуур эрх ашигт нийцэх үү, хямралыг улам гүнзгийрэх үү гэдгээ АН-ын фракцууд бодох хэрэгтэй” хэмээсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж