Оюутан сагсчид Тайваны багийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Оюутан сагсчид Тайваны багийг хожлоо

Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн V тэмцээн Тайваний Тайпей хотноо болж байна. Тус тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр(11.04) Монгол-Тайваний тоглолт болж, 73:66 онооны харьцаагаар манай сагсчид хожлоо. 10 орон оролцож буй тус тэмцээнд манай оюутны шигшээ баг БНХАУ, Тайвань, Макаотой нэг хэсэгт багтсан бөгөөд өчигдөр БНХАУ-ын багт ялагдсан ч өнөөдөр талбайн эздийг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожлоо.

XI.04 Монгол-Тайвань 77:66 (Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.)

XI.03 Монгол-БНХАУ 52:66

Тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш Монгол-Макаогийн тоглолт болох юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхлэх юм.

Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, БНСУ, Хонгконг, Малайз, Филиппин, Монгол зэрэг 10 орны баг тамирчид өрсөлдөж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй манай багийн бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нар багтаж байна. Тэд бүгд 1990-1996 онд төрсөн 17-25 насны залуу тамирчид юм. Харин багийн ахлагчаар Монгол Улсын Гавьяат багш Д.Гоошоохүү, багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, дасгалжуулагчаар Г.Өсөхбаяр нар ажиллаж байна. Мөн Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгчээр Б.Ганзориг, МҮСБХ-г төлөөлж С.Тулга, Н.Батсуурь нар оролцож буй.

2006 оноос хойш зохиогдож эхэлсэн тус тэмцээнд Монголын оюутны шигшээ баг 2008, 2010, 2012 онуудад гурван удаа оролцон хоёр хүрэл медаль аваад байгаа билээ. Тодруулбал, Монголын баг 2010 онд Хятадын Тайвань, Ливаны багийн дараа орж хүрэл медаль хүртэж байсан бол 2012 онд БНСУ, Тайваны дараа мөн 3 дугаар байрт шалгарчээ. Мөн Б.Билгүүн 2012 оны тэмцээнд гарааны шилдэг таван тамирчны нэгд багтаж байсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж