&#34Б.Мөнхжин медалийн буухиаг үргэлжлүүллээ&#34

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

&#34Б.Мөнхжин медалийн буухиаг үргэлжлүүллээ&#34

Эстони улсын нийслэл Таллинн хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас 12 тамирчин өрсөлдсөнөөс нэг мөнгө, нэг V байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн билээ. Монголын даамын холбооноос өнөөдөр MN мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

 

Энэ үеэр Дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Баатархүүгийн Мөнхжингийн ээж Ц.Цолмонтой ярилцлаа.

-Юуны өмнө, Азийн аварга болсон охин тань Дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Энэхүү тэмцээний талаар яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Б.Мөнхжингийн тухайд тус тэмцээнд 8-10 насанд өрсөлдсөн байгаа. Энэ насанд нийт 12 орны 28 даамчин өрсөлдсөнөөс Беларусын Часнакова Мариа боломжит 18 онооноос 17 оноог авч түрүүлсэн. Тэрээр 8 хожил, нэг тэнцээ хийснээр тус тэмцээнд илт илүүрхэж, дэлхийн аварга цолыг хүртсэн. Б.Мөнхжин 7 хожил, 2 хожигдолтойгоор 14 оноо цуглуулж, дэд байрт шалгарсан. ОХУ-ын Скиарбина Анжелина 12 оноогоор гуравдугаар байрыг эзэллээ. Энэ насанд Монголоос Б.Өнөржаргал, Б.Мишээл нар оролцож, IX, XI байрт шалгарсан юм. Б.Мөнхжингийн тухайд 2, 4-р өрөгт энэхүү дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртсэн тамирчдад хожигдсон. Тэгээд бусад 5-9 дэх өргүүдэд дараалан хожиж, мөнгөн медалийн болзол хангалаа. Б.Мөнхжин сүүлийн өргүүдэд Б.Өнөржаргал, ОХУ, Голланд, Беларусь, Латви, Казахстаны хүүхдүүдийг хожиж, медалийн болзол хангасан юм. Тэмцээнийг дэргэдээс харж байхад манай охиноос гадна бусад тамирчид медальд хүрэх боломжтой харагдаж байсан. Б.Өнөржаргалын хувьд тэмцээний дундуур 8-10 насандаа тэргүүлж байсан ч сүүлийн дөрөв өрөгт ялагдаж, байр нь ухарсан. Мөн хөвгүүд ч сайн тоглолооо. Хөвгүүдийн 8-10 насанд Э.Үйлстөгөлдөр 12 оноогоор V байр эзэлсэн юм. 

-8-10 насанд түрүүлсэн Беларусын Часнакова Мариа Дэлхийн даамын холбооны чансаантай тамирчин гэсэн. Энэ тамирчны тухайд?

-Часнакова Мариагийн хувьд тус тэмцээнд илүүрхэж, түрүүлсэн. Тэрээр сүүлийн өргийн тоглолтын өмнө алтан медалийн болзлоо хангасан байсан. Часнакова Мариагийн хувьд дэлхийн даамын холбооны чансаатай тамирчин юм билээ. Тийм болохоор энэхүү тэмцээн чансаа өндөртэй болсон нь харагдлаа. Тэр хоёрдугаар өрөгт Б.Мөнхжинг хожсон. Харин 4 дэх өрөгт ОХУ-ын тамирчинтай тэнцсэн юм билээ.

-Б.Мөнхжин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх болзлоо хэрхэн хангасан бэ?

-Монголын даамын холбооны хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчдыг урьдчилсан шатны гурван тэмцээнээс авсан оноогоор шалгаруулж, явуулдаг юм билээ. Энэ үнэлгээ их таалагдсан. Хэн нэгэн улсын аваргад сайн тоглосон ч Азийн аварга болон сорил тэмцээний оноог харж, дэлхийн аваргад явах эрхийг олгодог нь сайшаалтай санагдлаа. Гэхдээ бас зарим нэг сайн тоглодог хүүхдүүд Азийн аваргад явж чадахгүй байх тохиолдол бий. Ази тивийн аварга, Улсын аварга болон сорил тэмцээнүүдэд оролцсон амжилтуудыг дүгнэж, дэлхийн аваргад явах болзлын дагуу Б.Мөнхжин эрхээ авсан. Сорил тэмцээн өнгөрөгч наймдугаар сард болсон байгаа. Б.Мөнхжингийн ихэр болох Б.Анужин мөн даам тоглодог. Б.Анужингийн хувьд  дээрх үнэлгээнд V байрт шалгарснаар дэлхийн аваргад явж чадаагүй юм.

-Б.Мөнхжин энэ оны улсын аваргад амжилт муутай оролцож, Б.Анужин сайн тогложээ. Харин та Б.Мөнхжинг Азийн аваргад оролцуулсан нь түүний амжилтыг эхлүүлсэн болов уу?

-Би Б.Мөнхжин, Б.Анужин хоёрын хэрхэн тоглодогийг мэддэг болсон.(инээв) Хоёр охиныгоо тэмцээн, уралдаанд оролцоход нь байнга хамт явдаг. Энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч гуравдугаар сард Улаанбаатар хотод болсон. Тус тэмцээний охидын 8-10 насанд 90 хүүхэд оролцож, их өрсөлдөөнтэй болсон. Б.Мөнхжин 18-р байрыг эзэлсэн юм. Саяын дэлхийн аваргад IX байрт шалгарсан Б.Өнөржаргал түрүүлж, Завхан аймгаас оролцсон Ж.Ууганжаргал мөнгөн медаль хүртсэн бол дэлхийн аваргад XI байрт шалгарсан Б.Мишээл хүрэл медаль хүртэж байсан. Б.Мөнхжингийн хувьд энэхүү тэмцээнд сайн тоглож чадаагүй. Тэмцээний дундуур биеийн эрүүл мэндийн байдлаас болж, бүрэн тоглолтыг гаргаагүй юм. Гэхдээ түүний ихэр Б.Анужин сайн тоглосон. Би Монголын даамын холбоонд санал гаргаж, Б.Анужинг бус Б.Мөнхжинг Азийн аваргад явах саналтайгаа хэлсэн. Тэдний хувьд саналыг хүлээж аваад Б.Мөнхжинг тивийн аваргад явуулсан юм. Тэрээр Азийн шилдэг тамирчид сайн тоглож, аварга болсон юм. Яагаад ч юм зөв сонголт хийснээ тухайн үед мэдэрч байсан. Тиймээс бид дэлхийн аваргын бэлтгэлээ сайтар хийсэн дээ.

-Азийн аварга шалгаруулах тэмцээний тухайд?

-100 буудалт даамын спорт Европод өндөр түвшинд хөгжсөн. Ази тивийн орнуудаас БНХАУ, Казахстан, Узбекстан, Монгол Улсад илүү хөгжсөн юм. Энэ оны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сард Тайвань улсад болсон. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилал бүгд нэг доор болдог. Энэ тэмцээний 8-10 насанд Б.Мөнхжин түрүүлж, тивийн аварга боллоо. Тэрээр тус тэмцээнд дэлхийн аваргын хүрэл медальт Казахстаны тамирчин Алима, улсын аварга, Азийн аваргын мөнгөн медальт Б.Өнөржаргал нарыг хожиж, аварга болсон болохоор өөртөө их итгэлтэй болж ирсэн.

-Б.Мөнхжин, Б.Анужин нарын багш нарыг танилцуулахгүй юу.

-Манай хоёр охин “Шавь” цогцолбор сургуулийн 5-р ангид суралцдаг бөгөөд тус сургуулийн даамын клубт хоёр дахь жилдээ хичээллэж байна. Одоогоор Р.Нармандах багшийн удирдлагад бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Харин дэлхийн аваргад явахын өмнөх бэлтгэлийг спортын мастер Ч.Дамдинсүрэн багштай хийсэн байгаа. Б.Анужин дэлхийн аваргад яваагүй ч Б.Мөнхжингийн бэлтгэл хангагчаар ажилласан. Мөн Монгол Улсын хамгийн залуу спортын мастер, 14 настай Г.Хэрлэнмөрөн Азийн аваргад явахын өмнө тэдний дасгалжуулагчаар ажилласан. Б.Мөнхжин, Б.Анужин нарыг эмээ нь даамын спортод дуртай болгосон юм. Энэ дашрамд нь эмээд нь болон Р.Нармандах, Г.Хэрлэнмөрөн, Ч.Дамдинсүрэн багш нарт нь баярлаж байгаагаа хэлмээр байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

Дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга даамчин Баатархүүгийн МӨНХЖИН.

Улсын аварга шалгаруулах тэмцээн, Азийн тивийн аварга болон сорил тэмцээний дараа ДАШТ-д оролцох эрхээ авсан даамчид. 2014.08.22. УБ хот.

2014 оны өсвөрийн ДАШТ-д оролцсон Монгол Улсын баг тамирчид. 2014.10.30 Эстони улсын нийслэл Таллинн хот.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж