МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж “Эрдэнэс-Тавантолгой” компанид хийсэн ажлын хэсгийн шалгалтын талаар танилцууллаа. Өнгөрсөн тавдугаар сарын 24-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанид шалгалт явуулах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ахлан шалгалт явуулсан байна. Шалгалтаар төрийн өмчийн тус компанид олон ноцтой зөрчил илэрчээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа “Төрийн өмчийн оролцоотой компаниудад хууль, хяналт хэрэгжихээ байсан үйлдлүүд их байгааг энэ шалгалтаар нотоллоо. Ялангуяа санхүүгийн тайлан нь маш будлиантай байдаг юм байна. Ер нь төрийн өмчийн компаниуд их үрэлгэн байна. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Улаанбаатар дахь оффист л гэхэд нийт 123 хүн ажиллаж байна. Тэд нар нь бүгд сонгуулийн дараа хэн нэгний шахаасаар орсон хүмүүс. Тэр хэрээр үргүй зардал их гарч байгаа нь санхүүгийн аудитын шалгалтаар нотлогдсон” гэлээ.
Мөн тус компани нь Төрийн өмчийнх мөртлөө Төрийн өмчийн хорооны хяналтанд байдаггүй аж. Мөн ажлын хэсгийн дүгнэлтэнд “Говь повер” компанийн тендерийг хүчингүй болгосонтой холбоотойгоор тус компаниас хөрөнгө оруулалт хийсэн хэмээн долоон тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилж, үүнийг нь шүүхийн явцад хоёр тал харилцан тохиролцоод 4,7 тэрбумыг “ЭрдэнэсТавантолгой” компаниас “Говь повер” ХХК-д шилжүүлж байжээ.
С.Отгон