Аймгуудын Засаг дарга нар юу гэв?

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Аймгуудын Засаг дарга нар юу гэв?

-Орон нутагт эдийн засгийн хямрал нүүрлээгүй-

Аймгуудын Засаг дарга нарын хэлэлцүүлэг өнөөдөр “Хууль зүйн үндэсний хүрээлэн”-д боллоо. Уг хэлэлцүүлгээр аймгуудын удирдлага сүүлийн хоёр жилд аймаг орон нутагт нь ямар өөрчлөлт гарсан талаар мэдээлэл хийсэн юм. Хэлэлцүүлэгт Архангай, Говь-Сүмбэр, Дундговь, Сүхбаатар, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Говь-Алтай сумын Засаг дарга нар ирж оролцсон. Инфляци 13 хувьтай, ажилгүйдлийн түвшин 8.4 хувь, хөрөнгө оруулалт саарсан, төгрөгтэй тэнцэх ам.долларын ханш өндөр гээд улс даяараа эдийн засгийн хямралд өртсөн гэгдэж буй өнөө үед хөдөө орон нутагт байдал ямар байгааг өнөөдрийн хэлэлцүүлгээр онцоллоо.

Сүүлийн хоёр жилд орон нутагт ямар ахиц гарав. Аймгуудыг хөгжүүлж, аймгийн төвийг хот болгох боломжтой юу?

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ:

-Архангай аймаг хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадвараараа муу гэдэг юм. Тиймээс суурь бодлогыг зөв гаргаж ирэх хэрэгтэй болсон.Аймаг орон нутагт төсвийн эрх мэдлийг өгөхөд чиглэсэн алхмыг хийж байгаа нь үр дүнгээ өгч байна. Гэвч одоохондоо цэцэрлэг, сургуулийн барилга барих нь яамд шийддэг байдал бүрэн арилаагүй. Архангай аймагт амьдрах орчинг сайжруулахаар 2013 онд 210 айлыг цэвэр, бохир усны системтэй холбосон. Ингэж бүтээн байгуулалт өрнүүлж, суурь дэд бүтцийг шийдэж өгөх нь чухал ч хүнээ хөгжүүлэх мөн адил чухал. Тиймээс манай аймаг ирэх жил бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. Энэ дагуу 2015 онд 5-6 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Энэ мэт бодлогын зохицуулалт хийх болсноор хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах сайн тал ажиглагдаж байна.

Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр:

-2012 онд төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлснээр сүүлийн арван жилд хийгээгүй бүтээн байгуулалт өрнөж, хүмүүсийн амьдрал дээшилсэн. Засгийн газар болон аймгийн удирдлага уялдсан бодлого явуулж, хүний хөгжилд илүүтэй анхаарах болсон. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, соёл руу чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, энэ салбаруудад өмнөх жилүүдээс ахиц гарсан гэж хэлж болно.

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн:

-Сүүлийн жилүүдэд аймгуудыг хөгжүүлэхэд бодлогын том өөрчлөлт гарсан. Манай аймгийн хувьд хувийн хэвшлийг онцгойлон дэмжсэнээр эдийн засгийн чадамж нэмэгдсэн. Хүн амын шилжилт суурьшилтын хувьд, 2013 онд гэхэд хүн ам 1999-ээр нэмэгдсэн. Энэ жил 190 км зам тавьж, дэд бүтцийг шат дараатайгаар сайжруулж байна.  Ингэснээр Увс аймгийн төвийг хот болгох, цаашлаад Ази, Европыг холбосон бүс нутаг боломж ч бий. Сүүлийн хоёр жил нүүдэл эргэлээ гэдэг шиг хөдөөд сайхан амьдрал наашилж байна. Одоо хаа сайгүй эдийн засгийн хямрал болж байна гэх ч энэ бол сэтгэлгээний хямрал юм шиг. Импортын худалдаа эрхэлдэг компаниуд хямарч байж болох ч нийтээрээ хямралд өртөөгүй байна. Хөдөө орон нутагт үйлдвэрлэлийн боломж, нөөц их байна. Гагцхүү монголчууд ийм үед замбараагүй хэрэглээгээ танах хэрэгтэй. Увс аймгийн хувьд Их наяд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүгээр хүүхдүүдэд багаас нь санхүүгийн боловсрол олгох, эхчүүдийн санхүүгийн мэдлэгийг сайжруулах шат дараатай арга хэмжээ авч байна. Хөдөөд хямрал үүссэн гэж хэлж болохгүй.

Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ:

-Дундговь аймаг өрсөлдөх чадвараараа бусад аймгуудаас сүүлээсээ нэг, хоёрт ордог байлаа. Ингээд хэтэрхий улс төржсөн, бизнес эрхлэх орчин, засаглал муу байсан юм. Тэгвэл сүүлийн хоёр жилд өрсөлдөх чадварын гол шалгуурын нэг зам, дэд бүтцийг сайжруулсан. Дундговь аймаг хот руу засмал замаар холбогдсон. Мөн Өлзийт суманд Шинэ сум төсөл хэрэгжиж эхэлсэн зэргийг дурдаж болно.

 

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:

-Хөдөө орон нутагт сүүлийн жилүүдэд гарсан том өөрчлөлт бол хууль эрх зүйн орчин. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол аймаг орон нутаг өөрсдөө асуудлаа шийдэх боломжийг өгсөн. Цаашдаа орон нутгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд  төсвийн эрх мэдлийг бүрэн олгох хэрэгтэй. Төсвийн эрх мэдлийг яамдад төвлөрүүлэхийн оронд аймагт нь өгөөд хариуцлагыг нь харин яамд тооцдог байх хэрэгтэй.

Аймгийн хөгжлийн хувьд, олон жилийн өмнө Сүхбаатар аймгийн төв 5 км автозамтай байсан бол одоо 50 км замтай байна. Сүүлийн жилд аймагт 1700 айл нэмэгдлээ. Бид ер нь сайхан газар хайх биш, байгаа газраа сайхан болгох хэрэгтэй. Сүхбаатар аймгийн хувьд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд кино үзэх, спортоор хичээллэх боломжийг нь хангаж өгсөн.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар:

-Манай аймаг эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжлөөрөө бусад аймгуудын хамгийн хойно бичигддэг байсан бол байдал дээрдэж байна.  Хүмүүсийн аятай тухтай амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд Алтай хотод 4 км зам, 11 км явган хүний зам шинээр тавьсан. Энэ нь аймаг орон нутагт сайхан амьдрах эхлэлийг зөв тавьж байгаа хэрэг юм.

 

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан:

-Ховд аймаг хөгжлөөрөө сүүл мушгидаг байсан бол сүүлийн жилүүдэд сайжирч, аймгийн дунд, урт хугацааны зорилт баталсан. Ингээд ногоон хөгжлийн зарчмаар хамгийн ээлтэй аймаг болохоор зорьж байна. Энэ жил Ховд аймагт 450 км хатуу хучилттай зам шинээр тавьсан, 1000 айлын орон сууц барьж эхэлсэн. Цахилгаан эрчим хүчний хүчин чадлыг нэмж, Ховд хот 40 мянган хүн амтай байсан бол 100 мянган хүн амтай болох боломжтой боллоо. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2012 онд 160 тэрбум төгрөг байсан бол энэ оны төгсгөлөөр 35 хувиар өсөх хандлага байна. 2006-2012 оны хооронд хот руу 2000 орчим хүн явсан байдаг юм. Тэгвэл энэ жил мянга гаруй нь нутагтаа буцаад ирсэн байна. Эдийн засгийн хувьд, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унаж байгаа ч дотоодод төдийлөн их хямрал үүссэн гэхгүй. Хөдөө нутагт цаг агаар сайхан, газар тариалан, мал аж ахуйн салбар боломжийн хэмжээнд үр өгөөжөө өгч байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга асан, Баянхонгор аймгийн АН-ын дарга Д.Жаргалсайхан:

-Миний хувьд ямар ч төлөвлөлт, зорилгогүй аймгийг хүлээж авч байлаа. Сүүлийн хоёр жилд дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж байна. Баянхонгор аймгийн хоёр суманд Шинэ сум барьж, аймгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулсан. Гурван сумын төв төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Баянхонгор аймаг боловсролын салбараараа улсын хэмжээнд аймгуудаас сүүлээсээ хоёрт ордог байсан бол одоо 15 дугаарт ордог болсон. Мөн аймгийг хөгжүүлэхийн тулд бүтээн байгуулалтыг хот төлөвлөлттэй уялдуулж хийдэг болсон нь том өөрчлөлт юм.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж