Төсвийн тухай хуулийг бүхий л байнгын хороодоор хэлэлцэнэ. Өөрсдийн харьяалах салбар тус бүр ирэх оны төсвийн талаар санал оноогоо ийн тусад нь хэлэлцдэг бөгөөд хууль, хүний эрхийн салбарынхан ч Хууль зүйн байнгын хороодын хуралдаан дээр цуглаж төсвийнхөө талаар тайлагнав. Хүний эрхийн асуудал, шударга ёс хангагдах, хуулиар хүлээсэн үүрэг байгаа учраас төлөвлөсөн төсвийг нь хасч байгаад ихээхэн хүндрэлүүд гарахаар буй аж. Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэц гээд хууль зүйн салбарын байгууллагууд дор бүрнээ төсвөө тануулсны зовлонгоо ярьж “ингээд танавал хууль зөрчих болоод байна” хэмээн учирлаж байлаа.
Жишээ нь, ШЕЗ-ийн 88 тэрбумийн төсвийг 59,3 болгосны ард шүүхийн урсгал төсвийг бууруулахгүй байх хуулийн заалт хэрэгжихгүй байдалд хүрсэн, шинээр орон тоо нь нэмэгдэж буй шүүгчдийн цалин хангамжийг өгөх боломжгүй болох, хуулиар шүүх нь тусдаа байртай байна гэсэн заалт хэрэгжихгүйд хүрч түрээсийн байр, актлагдсан байранд ажиллахаас аргагүйд хүргэж буй аж. Ингэснээр нэг шүүгчид хувиарлагддаг хэргийн тоог 100-аас бууруулах боломжгүйд хүрч, зайлшгүй хэрэгтэй Завхан, Дархан-Уул, Архангай аймгууд, Багануур дүүрэгт шүүх байртай болох нь хойшилж буй бололтой.
Улсын дээд шүүх ч мөн адил зовлон ярьж тог цахилгааны гээд бүхий л суурь зардал өссөн байхад урсгал зардлыг бууруулснаа эргэн харахыг хүсч байлаа. Хүний эрхийн комисс бүр гомдолтой байгаагаа хэлж нэг ч тэрбум хүрэхгүй төсвийг нь хасалгүйгээр батлахыг хүслээ. Тус байгууллагын дарга Ж.Бямбадорж нөхцөл байдлаа товчоор илэрхийлсэн нь ”үйл ажиллагаа явуулах боломж олгооч” гэх хүсэлт байв.
Б.МАНДАХ