Төсвийн зардлыг 150 тэрбумаар бууруулах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Төсвийн зардлыг 150 тэрбумаар бууруулах хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр, өнөөдөр  хоёр өдөр хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар  хэлэлцсэн байна. Бүлгээс төсвийн асуудлаар нэгдсэн санал, дүгнэлт гаргасан талаар  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол төсвийн урсгал зардлыг 150 орчим тэрбум төгрөгөөр бууруулах,  хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг 30 мянга болгож нэмэгдүүлж, зорилтот бүлэгт чиглүүлэх,  цалин тэтгэврийг бодитой 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Эх үүсвэрийг  нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангуудын зардлыг бууруулснаар олох боломжтой гэсэн юм.  Монгол Улсын Засгийн газрын мэдэлд 41 тусгай сан ажилладаг. Эдгээр сангуудад 2.5 их наяд төгрөг эргэлддэг бөгөөд МАН-ын бүлэг 10 гаруй тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар 135 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр татах боломжтой гэлээ. Мөн Засгийн газрын өөрийнх нь зардлуудыг бууруулах ёстой гэсэн юм.

Тухайлбал, дотоод томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байх, төрийн захиргааны албан хаагчдын тоог 10 хувиар цомхотгох талаар санал гаргаж байгаа юм байна. Зөвхөн төрийн захиргааны албан хаагчдын тоог 10 хувиар бууруулахад л 11 тэрбум төгрөг , дотоод томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байснаар найман тэрбум төгрөг хэмнэгдэнэ  гэж намын бүлгийн гишүүд үзжээ.

УИХ-ын гишүүн, төсвийн талаар МАН-ын бүлгээс гарсан ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар “МАН-ын бүлэг 2015 оны төсвийг “хямралыг давах төсөв” гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл төсөвт урсгал зардлыг 800 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг 500 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн. Бид өмнө нь 2008, 2009 онд хямралтай нүүр тулж, даван туулж байсан. Тэр үед төсвийн урсгал зардлыг 25 орчим хувиар танаж, хөрөнгө оруулалтаа бууруулахгүйгээр асуудлыг шийдэж байсан.

Харин энэ удаад Засгийн газар яг эсргээрээ хөрөнгө оруулалтаа танаж, урсгал зардлыг нэмэгдүүлж байна” гэлээ. Мөн тэрбээр төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлд хүү торгуулиас орж ирэх орлогыг дөрөв дахин нэмэгдүүлэхээр төсөвт тусгасныг хатуу шүүмжиллээ. Хяналт шалгалт, төрийн хүнд суртал, торгууль дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ хэмээн Ч.Хүрэлбаатар гишүүн нэмж хэлсэн юм. Өмнө нь хүү, торгуулийн орлогоос төсөвт 58 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг байсныг ирэх онд 200 гаруй тэрбум төгрөг болгохоор төсвийн төсөлд тусгажээ. Түүнчлэн төсвийн төсөл гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээж авах, угтах, үйлчилгээний зардлыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх зэрэг олон шүүмжлэлтэй зүйл байгааг хурлын үеэр онцолсон. МАН-ын бүлэг Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг хэлэлцээд, тодорхой ажил хэрэгч саналуудыг гаргаж, энэ чиглэлд Засгийн газар, Сангийн яамтай нягт хамтран ажиллахаар болжээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж