Дэлхийн хотуудын төрх нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн хотуудын төрх нээлтээ хийлээ

Венецийн гудамжинд намуухан салхи салхилж эзнээ хүлээсэн завь аядуухан найгаж байхад өөр нэгэн ертөнцийн хаалга намайг Францын Булоны ойд аваачина. Хаа нэгтээгээс сэтгэлийн таашаал эрэлхийлсэн зочдоо хүлээх завьд нуурын эрэг даган замбараагүй жагссан харагдах…

Цаг хугацаа, дөрвөн улирлын өнгө нэг мөчид давхцаж, өөр өөр соёлын орчныг харааны урлагаар илэрхийлсэн үдэш “Blue moon” галерейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд болж өнгөрлөө. “Дэлхийн хотуудын төрх” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын мастер зураачид хүрэлцэн ирж өөрсдийн бүтээлүүдээ хүрэлцэн ирсэн уран зураг сонирхогч нарт тайлбарлаж байсан юм.

Уг үзэсгэлэнд “Blue moon” арт галерейн гишүүн 23 зураачийн 56 бүтээл дэлгэгдсэн юм. Зураач бүр өөрийн очсон газар бүртээ төрсөн мэдрэмжээрээ бүтээлээ уралсан нь нүдэнд илт.

Эл үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зарим хүмүүстэй богино хугацаанд уулзаж амжсан юм.

Урчуудын эвлэлийн шагналт, ахмад зураач С.Энхамгалан:

Та уг үзэсгэлэнд хэчнээн бүтээлээрээ оролцсон бэ?

-Гурван бүтээлээрээ оролцсон. Улаанбаатар хотын тухай өгүүлэх гурван бүтээлээ уран зураг сонирхогч нартаа хүргэж байна. Франц, Голландаар явсан тэмдэглэлээ бүтээл болгосон нь бий. Ер нь Улаанбаатар хотынхоо өнгө үзэмж, амьдрал соёлыг харуулсан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах бодолтой байгаа. Миний хувьд Улаанбаатар хотод багаасаа л амьдарч байсан учраас хаана юу байсан, байхгүй болсныг мэдэж байгаа шүү дээ. Ер нь их хотын хөгжилтэй зэрэгцэж, Улаанбаатар хотод маань байсан зарим зүйлс алга болчихсон байна. Урлагийн талаасаа, түүх талаасаа ч уран бүтээлээ үлдээх л санаатай байгаа даа.

-Таны хувьд бүтээлийнхээ сэдвийг хаанаас олдог вэ?

-Зураач бүр янз, янзын л юм хэлэх байх. Миний хувьд тухайн объект байгаа газар дээр очиж жаахан судалдаг. Гэхдээ бүтээл бүрт өөрийнхөө хийсэн, хийх гэж байгаа зүйлээ тоочих албагүй шүү дээ. Олсон санаан дээрээ, өөрийнхөө арга барил сэтгэл хөдлөлөө оруулж өгвөл бүтээл их амьд болдог.

-Ямар арга барилыг ашигладаг вэ?

-Модерн уран зургийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Модерн зургийн төрөлд өнгө маш чухал тухайн бүтээлийн “Ноён оргил” гэж хэлж болно. Өнгөний хууль гэж бий. Өнгөний хуулиа сайн төсөөлж харж бүтээлдээ тусгаснаар уран зураг гэдэг зүйл маань амьдарч байгаа юм.

-Өнгөний хууль гэдэг зүйлийн тухай манай уншигчид тийм сайн мэдэхгүй. Өнгөний хууль ер нь уран зурагт хэр нөлөөтэй байдаг юм бол?

-Өнгөний хууль бол бүтээлийн амин сүнс юм даа. Яг л “газрын хуулийн тэддүгээр бүлэг” гэдэг шиг өнгө хууль зураачдад маш чухал. Уран зурагт өнгөний хууль хэрхэн нөлөөлж байгаа нь хүнд үзэхэд л мэдэгддэг. Ялангуяа зураач хүнд илт харагддаг зүйл л дээ. Энгийн хүмүүс тэр болгон энэ бүтээл дээр тийм өнгө нэмчихвэл зохицохгүй, зохицно гэдгийг мэдээд байдаггүй. Энэ зүйлийг зураач хүн өөрийн мэдрэмжээрээ л мэдэрч зохицуулдаг хууль  юм даа.

-Бүх зүйлд өөрийн гэсэн чанар, чансаа гэдэг зүйл бий. Таны хувьд “Дэлхийн хотуудын төрх” үзэсгэлэнгийн чансаа…?

-Маш өндөр төвшинд болсон байна. Бүтээлүүд олон улсын хэмжээнд хүрэхүйц харагдаж байгаа нь нэг төрлийн бахархууштай зүйл юм даа. Арга, техник, хэлбэр, сэдвийн хүрээ зэрэг нь сайн болсон бүтээлүүд тавигдсан байна.

Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач, Соёл урлагийн их сургуулийн дүрслэх урлагийн сургуулийн дизайны тэнхимийн эрхлэгч  З.Уянга:

-Дэлхийн хотуудын төрх таньд хэр санагдав?

-Уран бүтээлчдийн сэтгэл их харагдлаа. Зарах гэж биш бүтээл гэдэг утгаар уран бүтээлдээ хандсан байгааг харахад хамгийн их бахархал төрүүлж байна. Зураач нар маань өөрсдийн үзэж харсан, явсан газруудаараа бүтээлээ туурвисан, чин сэтгэлээсээ хийсэн байгаа нь харагдлаа.

-Аливаа уран бүтээлчид төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ бүтээлдээ тусгах нь элбэг байдаг?

-Миний хувьд хоёр бүтээл өгсөн байгаа. Венецед гурван сар байх хугацаандаа усан дунд орших хотын уур амьсгалыг бүтээлдээ тусгахыг оролдсон.

-Зураачид мэдрэмжиндээ багагүй хөтлөгддөг юм шиг ээ?

-Тэгэлгүй яахав. Уран бүтээл бол цэвэр мэдрэмж. Мэдрэмжгүй зураг өөрөө амьгүй. Хэрэв мэдрэмжгүй зурж болдог байсан бол хэн ч харсан зүйлээ цаас харандаа аваад л дүрсэлж чадна. Хамгийн гол чухал зүйл бол далд, нүдэнд үл үзэгдэх хүний дотоод мэдрэмж байдаг. Нэг хүнийг, нэг хэсгийг, байшинг хараад хүн бүр өөр өөрөөр мэдэрдэг. Нэг ангид нэг обьект тавиад 20 гаруй хүн зурахад хүн бүр өөр өөрийнхөөрөө зурдаг. Тэр зүйл л уран бүтээлч хүний мэдрэмж шүү дээ. Мэдрэмжгүйгээр ямар ч уран бүтээлч оршин тогтнох боломжгүй.

-Зураач хүний чадварыг юугаар тодорхойлж болох вэ?

-Зураач хүн диплом аваад мундаг уран бүтээлч болчихдоггүй. Хүн хөдөлмөрлөж байж өөрөө өөрийгөө бий болгодог. Хүн өөрийгөө боловсруулж болдогт л энэ салбарын ялгаа оршидог. Зураач өөрийгөө хөгжүүлж байж маэстро болдог. Маэстро гэдэг маань нүд нь гартаа орчихсон гэдэг юм уу, гар нь нүдэндээ орчихсон гэж жишээлж болох юм. Хараа, төсөөллөл, мэдрэмж, гарын хөдөлгөөн.  .

Дашрамд сонирхуулахад “Дэлхийн хотуудын төрх үзэсгэлэн”-д оролцсон уран шилдэг зураачийг “Blue moon” арт галерейн зүгээс өөрсдийн фейсбүүк хуудсаараа дамжуулан хамгийн олон шейр, лайк цуглуулснаар шалгаруулах аж.

Э.ТЭКҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж