Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Тус байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнг сонсох ёстой байсан ч хуралдаанд оруулах бэлтгэл ажил хангагдаагүй хэмээн хэлэлцээгүй юм.
Дөч гаруй хуудас уг дүгнэлтэнд хууль зөрчсөн ноцтой асуудлууд цөөнгүй байгаа хэмээсэн тул ажлын хэсгийн ахлагч А.Тлейханаас энэ талаар тодруулсан билээ. Тэрээр “Тавантолгой компанийг хувьчлах ёстой гэж ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Тус компани нь эдийн засгийн хувьд хүнд байдалтай хэрнээ санхүүгийн хувьд зөрчилтэй зүйл ихтэй байна. Аудит, төрийн өмчийн хорооныхон шалгасны дараагаар санхүүгийн зөрчилтэй гэдэг нь харагдсан. Нэгд, олон төрлийн хэрэггүй эд ангиуд худалдан авсан байна. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, дарга нар нь маш өндөр цалин хангамж авч байна. 2012 оны сүүлээр гарсан тогтоолоор бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байдаг юм билээ. Гэтэл тэр хүнд сарын 6 сая төгрөгийн цалин өгөх юм. Гишүүд нь сард 1,8 төгрөгийн цалин авч байна. Засгийн газрын тогтоосон журмаар бол төрийн өмчийн компанийн захирал, удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс дээш хэмжээний цалин, урамшуулал авч болохгүй гэх журам байдгийг зөрчсөн байна. 400 мянга орчим төгрөгийн цалин авах ёстой хүн зургаан саяыг авч байна шүү дээ. Компанийн үрэлгэн байдал, орон тоо ихээр нэмэгдсэн байна. Төв оффист нь 120 гаруй хүн ажиллаж байна. Төрийн өмчийн компани хэрнээ Төрийн өмчийн хорооны хяналтанд байдаггүй юм байна. Иймд цаашид үр ашигтай ажиллах уу гэдэг нь эргэлзээтэй байна” гэсэн юм.
Б.МАНДАХ