АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн бямба гаригт Төрийн ордны их танхимд болж өнгөрсөн. Энэ зөвлөгөөнд оролцсон 21 аймаг, 9 дүүрэг, 331 сумын намын дарга нар Шинэчлэлийн Засгийн газрыг тогтвортой байлгаж, хийж бүтээж буй ажлын үр дүнг харах нь зөв гэдэгт санал нэгдсэн юм.
Шинэчлэлийн Засгийн газрыг тогтвортой байлгаж, бодлого шийдвэрийг нь үргэлжлүүлэхийн тулд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эв нэгдэлтэй, нэг үзэл бодол, нэг эрх ашигтай байх ёстой гэдгийг Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчид хэлж байсан юм. Тиймээс бүлгийн гишүүдийгээ нэгдмэл байр суурьтай байхыг хүсч, Ардчилсан намын таван туганд гарын үсгээ зурж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт гардуулах уриалгыг зөвлөгөөний үеэр төлөөлөгчид өөрсдөө гаргасан юм. Уриалгын дагуу АН-ын туганд аймаг, дүүрэг, сумаас ирсэн 329 төлөөлөгч гарын үсгээ зуржээ.
Тэгвэл гарын үсэг цуглуулсан Ардчилсан намын тугийг өнөөдөр холбогдох хүмүүст нь гардуулж өглөө. Ерөнхийлөгчийг төлөөлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гарын үсэгтэй тугийг гардаж авсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар өөрийн биеэр дээрх тугийг хүлээн авав.
Харин УИХ-ын дарга З.Энхболдод гарын үсэгтэй тугийг маргааш гардуулж өгөх юм байна.
Ардчилсан намын логонд байдаг багцалсан таван сумыг бэлгэдэж, таван туганд гарын үсгээ зурсан АН-ын дарга нар эв нэгдэлтэй байж, эхэлсэн ажлаа тогтвортой үргэлжлүүлэхийг уриалсан байна.
С.ОТГОН