Үйлдвэрлэл төлөвшиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэл төлөвшиж байна гэв

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ноолуур, ноос, оёдол, сүү, хүлэмжийн аж ахуйг тэргүүлэх таван чиглэлийн үйлдвэрлэл болгох бодлогыг барьж байна. Энэ хүрээнд салбарын өнөөгийн байдлыг танилцуулахаар “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл оролцож, мэдээлэл өглөө.

Дээр дурдсан тэргүүлэх таван үйлдвэрлэлийг дэмжихээр одоогийн байдлаар "Чингис" бондын эх үүсвэрээс 159 төсөлд 154 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа ажээ. Импортыг орлож, экспортыг дэмжих 888 төслийн хүрээнд хоёр тэрбум төгрөгөөс дээш дэмжлэг хүссэн хүнс, гэр ахуйн бараа, газар тариалан, сав баглаа боодол, ноос, ноолуур, боловсруулах үйлдвэрийн томоохон 15 төсөлд 109 тэрбум төгрөгийн зээл олгохоор батлагдсан бөгөөд эхний санхүүжилтийг олгосон байна. Үүнээс гадна экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, дэлхийд Монголд брэндийг таниулах нэг салбар бол арьс ширний үйлдвэрлэл юм. Энэ үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхээр Засгийн газраас 140 тэрбум төгрөгийн хөрөнгөөс 29 төсөлд нийт 50 гаруй тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.

Үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын хувьд, сүүлийн хоёр сарын хугацаанд гэхэд Булган аймгийн Бүрэгхангай суманд төмрийн нойтон баямжалын үйлдвэр, Эрдэнэт хотод молибдений баяжмал боловсруулах үйлдвэр ашиглалтад орсоныг дэд сайд Б.Цогтгэрэл онцлов. Мөн нийслэлд уржигдар /арваннэгдүгээр сарын 1/ гутлын үйлдвэр, өнөөдөр яс боловсруулах үйлдвэр үүдээ нээсэн нь үйлдвэрлэл хөгжиж, төлөвшихөд нөлөөлж байна гэв. Хаягдал яс боловсруулах үйлдвэрийг түшиглээд цаашдаа тос, гурил, кальци, саван, шампунь, шаазан эдлэл, бэлэг дурсгал хийх олон чиглэлийн үйлдвэр хөгжих боломжтой ажээ.

Энэ бүх бүтээн байгуулалтыг дэмжих хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулж буй нь санхүүжилтийг удаашруусан гэж шүүмжилдэг  ч цаашдаа ийм систем төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэв.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж