Тэнгэрт дэвшсэн яруу найрагч анд Ганболдын Баяр танаа илгээх захидал:
Анд минь чи “Тэнгэрийн сүм”-дээ заларсаар нэг сар гаруй хугацаа өнгөрчээ. Гэвч Тариатынхаа сууринд шүлгээ бичээд л нам гүмхэн амьдарч, хааяахан “Маргааш хот орно оо” хэмээн залгах ч юм шиг санагдсаар байх юм. Анд минь, энэ орчлонд мэндэлсэн өдөр чинь өнөөдөр тохиож буйг чи мартаа л биз дээ. Учир нь чи тэнгэрийн орноо оршин буй суут өвгөдийнхөө дунд төрсөн өдрөө ч анзаарах сөхөөгүй шүлгээ бичиж, бичсэн шүлгээ тэндэхийн тэнгэрийг ширтэн уншиж, мөнхүү бидний тухай дуулгаж л суугаа байх. Ер нь бодоод байхад чи бид хоёр нэг өдрийн зөрүүтэй төрсөн хэр нь хамт тэмдэглэх ч юм уу, эсвэл хэн нэгнийхээ төрсөн өдөрт очиж байгаагүй санагдана. Учир нь бидний хэн хэн нь төрсөн өдөр тэмдэглэхийг нээг их чухалд тооцож сүйд болж байсангүй бололтой. Харин одоо л би чамтай төрсөн өдрөө хамт тэмдэглэмээр бодогдож, ер тайван ч сууж чадахгүй нь. Тэнгэрт дэвшихийн чинь өмнөх өдөр чамтай урт удаан ярилцмаар санагдсан. Гэвч тэр өдөр надад утсаар ярих боломж гараагүй. “Уг нь залгаад амар мэндийг минь асуухад тийм ч их хугацаа орохгүй…” гэж чи гомдох байх л даа. Гэхдээ анд нь зөвхөн мэнд мэдэлцээд өнгөрөх бус олон л зүйлийн тухай хуучилмаар санагдсан болохоор өөрөө өөртөө цаг гаргаж чадалгүй “Маргааш заавал холбогдоно” гэсэн бодлоор хойш тавьсан юмаа. Харамсалтай нь тэр шөнөдөө “Баяртай…” ч гэж хэл дуулгалгүй анхны цаснаар яваад өгсөнийг чинь өглөө эртхэн дуулсан даа. Явахаас чинь өмнө амжиж яриагүй дээ өнөө хэр харамсч сууна. Заримдаа дугаар руу чинь залгаж үзмээр, залгавал “Ярилгүй яасан их удав” гэх ч юм шиг санагдана. Чиний туурвиж үлдээсэн хэдэн номын хуудсыг санаж, үгүйлэх бүртээ хэдэнтээ элээж суухдаа л “Санаа зоволтгүй би маргааш үхнэ
Сар энэ тухай надад
Шувуудын нулимсан дотроос уншиж өгсөн…” гэх ч юм уу
“Өдөр ирэх тусам амьдрах хүсэл минь
Бороонд угаагдан арилж байна
Үсний минь ширхэг үүлэнд шигдэн шигдсээр
Салхины урсгалд дайгдан одож байна…” хэмээн бичиж, өөрийнхөө буцах дөхсөнийг бусдад сануулж, заримдаа орчлонгийн жамыг, эсхүл хэн нэгний байдаг гэдэгт итгэдэг бурханыг, үгүй бол өөрийнхөө дотоод сэтгэлийн зөн мэдрэмжийг тайтгаруулахын тулд ч юм уу “Гуниг шаналлын минь дундуур
Чулуу товшуурдан урсаж буй
Гол мөрөн минь чи надад
Эхийн умайд буй мэт тайвширлыг
Хаанаас олж болохыг минь хэлж өгөөч
Тэгвэл би чамд
Үснээсээ ширхэг үс сугалан
Цэцэглэж буй агч мод шиг
Согоон цэцгэн дээгүүр нисч яваа зөгий шиг
Өвс шиг
Хараахан газарт унаж амжаагүй яваа бороон дусал шиг
Намуу зул намайг харах шиг
Хацар нь ялимгүй улбартах шиг
Навч шиг
Малгайн дээгүүр минь урсах агаарын урсгал шиг
Тэрс уянгын ганцхан шүлэг бичиж өгье!…” хэмээн аргадаж байсныг чинь өмнө нь анзааралгүй явснаа олж харлаа. Ер нь одоо бодоход бидний хэн нь ч чамайг энгийн хүний нүдэнд харагдах өнцгөөр харж байсангүй аж. Хол ойр, хаашаа л бол хаашаа яруу найргийн наадамд хамт явж, уулзсан ч, ууж идсэн ч, наргиж цэнгэсэн ч бусдаас “илүү” гэхээс “дутуу” гэж бодож байсангүй. Зарим нь бүр үзэл бодол зөрчилдөж, асуудал даамжирвал барилцаад авахад ч бэлэн байдаг сан. Андууд чинь чамайг хүндлэхийн дээдээр хүндэлж, өөр хоорондоо “Манай Баяр утга зохиолын ертөнцөд ойрын хугацаанд төрөөгүй том үзэгдэл…” гэж бахархдагийг чи даан ч мэдээгүй байх. Нэг удаа “Найз нь намрын навчисыг шаржигнатал гишгэхийг хүсч байна” гэж хэлэхийг чинь сонсоод өр өмөр ч билээ. Гэвч энгийн хүн хөл дороо хөглөрч буй намрын навчсыг юу ч бодолгүй үйрүүлэн туучаад өнгөрдөг байхад чи түүний амийг аль эрт мэдэрчихсэн, байгаль дэлхийн юмс үзэгдэл, дотоод мөн чанар бүхэнтэй холбогдчихсон байсан. Өөрөөр хэдбэл, чи бусдын алхаад ч, хүсээд ч, хичээгээд ч мэдэрч, сонсч чадахгүй амьд байгалийн ер бишийн дуу хоолойг сонсон ярилцаж, мөн чанарыг нь таньсан байсан шүү дээ. Харин анд нь чамайг нэг л өдөр буцахыг чинь мэддэг ч халуун амь чинь өдөр өдрөөр эмтэрсээр, үсний чинь өнгө борог өвсөнд, царай чинь намрын навчисанд, хөдөлгөөн чинь моддод ууссаар буйг тэр бүр анзаараагүй байж. Анд минь, би чамтай дахиад ганцхан удаа ч болов урд урдаасаа харж суугаад ярилцмаар байна. Тамхилахад чинь тамхи татдаггүй ч даган гарахад “Чи тамхи татахгүйгээр яаж шүлэг бичихэв дээ…” гэж хошигнохыг чинь сонсч, “Тамхиныхаа утаанд дулаацдаг юм даа” хэмээн утаагаа тэнгэр өөд угалзруулан үлээгээд, араас нь өөрөө нисэх гэж байх шиг, эсхүл эргүүлээд сорох гэж буй мэт эгэл бус санагдуулдагийг чинь хармаар байна. Хотын гудамжаар алхангаа охидын сайхныг биширч, гэхдээ тэд улам сайхан болох ч мөн чанар нь тэс өөр буйд халаглаж, яруу найраг гэж яг юу болох, яагаад “Би яруу найрагч…” гэж цээжээ дэлдэгсэд олширох болсон тухай ярихыг чинь сонсмоор байна. Анд минь, би чамтай өчигдөрхөн л уулзсан хэр нь өнөөдөр таарахдаа багадаа хамт тоглож байгаад сураггүй болсон хүн гэнэт гараад ирэх шиг баярлаж, уушийн газарт дарс сөгнөнгөө “Альхан чиг хөндийд чинь би өвс болж ганхаад
Альхан чиг шувуудын чинь үүр болох билээ
Альхан чиг голын чинь дээгүүр би манан болж татаад
Альхан чиг салхины чинь урсгал болох билээ
Альхан чиг үүлнээс чинь би бороо болж ороод
Альхан чиг гөрөөсний чинь нүдийг онон газарт унаад цэцэг болон ургах билээ…” хэмээн тэнгэр ширтэн уншихыг чинь дахиад нэг сонсмоор байна. Одоо л.., яг одоо л чамтай уулзах хүсэлд автаж, “тэнгэрийн виз” хаанаас олох тухай… чинийх шиг этгээд нэгэн бодолд автаж, ямар арга буйг хэн нэгэн хүнээс асуумаар байна. Анд минь, чиний “Яарах хэрэггүй ээ
Найрагч андууд минь тамхиан тат
Яруу найргийн тэнгэрт
Ер бусын цэнхэр сар мандахыг хүлээ
Модон гүүрийн хашлага түшин
Мойлын дарс шиг шүлгээ дуудацгаа
Мөн тэгээд халаасандаа нуусан
Үл ойлголцлын мананг ус руу унагацгаа
Нэгхэн ширхэг цахлайн өдөөр мянган цагаан од зураад
Бүүвэйлэгч харанхуйг хагалан цацрахын нууцад нэвтэр
Урсан өнгөрөх үүлсийн хөгжмийг сэрэхүй бүхнээрээ дуун хөрвүүлээд
Усны гүн дэх торгомсог элсэн дээр шүлэг болгон бич…” хэмээх андууддаа зориулан унших гүн ухаанлаг шүлгийн чинь утгыг ухан, гуниггүй цагаан инээхийг чинь хармаар байна. Анд минь, чиний мэдрэмжийг гөрөөсний уруулд тэмтрэгдэх нялх ногоонд, нялх ногоог уруулаараа тэмтрэх гөрөөсний нүдэнд, салхины урсгалаар сэмрэн урагдах намрын навчист, намрын навчисыг сэмлэн урах салхины урсгалд, модны оройгоос өнхрөн унаж буй шувууны өндгөнд, тэр унаж буй өндөгийг хагарчих вий гэхдээ өөрөөрөө үүр засан хонхойх борог өвсөнд, өнхөрөн унахад нь өвс ч, өндөг ч өвдөлт мэдрэх тэрхэн агшинаа хайранд, бүдэрч унахдаа өвдгөө шалбалсан ч тоолгүй босох хүүгийн хатуужилд, урд минь гунхалзан алхах гоо бүсгүйн алчуурт, уул даваад сүрэглэн буцаж буй тогоруудын далавчинд, үүл нөмрөөд сувдран орж буй бороон дусалд, үнэгчлэн инээж буй охины инээдэнд, үүрээр зүүрмэглэн буй хүлгийн зүүдэнд, ер буй бүхэнд шинэсэн гэж итгэнэм. Анд минь одоо л чамтай уулзаж тэнгисийн давалгаа чиний инээднээс үүдэлтэйг, дээврийн цас хайлан газарт унах нь чиний гуниглахтай яагаад ийм адилхан байдгийг ярилцмаар байна. Яг одоо л чамтай уулзмаар…!
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч М.НАРАНБОЛД