Хөдөө аж ахуйн биржээр амьд мал арилжаанд оруулах асуудлыг удаан ярьсан бол энэ ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, энэ сарын 6-нд Баянхонгор аймагт амьд малын анхны арилжааг эхлүүлэх юм байна. Анхны энэхүү арилжааны техникийн бэлтгэл ажил дууссан бөгөөд ХАА-н биржийн албаныхан өнөөдөр тус аймгийн зорьж байна. Амьд мал худалдах анхны арилжаагаар Баянхонгор аймгаас хот руу онлайнаар холбогдон арилжаа хийх ажээ.
Сүүлийн үед ХАА-н биржийн гол түүхий эд болох ноос, ноолуурын нийлүүлэлтгүй болсноос ХАА-н биржийн арилжаа тасраад байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногоос /аравдугаар сарын 28/ хойш дөрвөн өдөр түүхий эдийн нийлүүлэлтгүйгээс биржийн арилжаа тасарсан талаар тус биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат хэлсэн юм. Хөдөө аж ахуйн бирж 2013 оны дөрөвдүгээр сард ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ямааны ноолуур, завод ноос, хонь, тэмээний ноос, тосны ургамал арилжиж ирсэн. Үүн дээр ийнхүү амьд мал арилжаанд оруулахаар болж буй.
У.БОЛОР