Грекийн Афин хотноо 2004 онд зохиогдсон Олимпийн наадмын цэнгэлдэх өдгөө эзэнгүй хаягдаж, зэрлэг, өвс ургажээ. Үүний дараах 2008 оны Бээжингийн Олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэхийг өндөр өртгөөр бүтээсэн боловч жуулчдыг татахаас өөр зориулалтаар ашиглагдах нь ховор аж. Харин 2012 оны Лондонгийн зуны олимпийн цэнгэлдэхийг өөрчилж, хөлбөмбөгийн зориулалттай болгон багагүй өртгөөр сэргээн засварлахаар болжээ.
Тэгвэл одоо олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй 2020 оны Токиогийн олимпийн цэнгэлдэхийн тухайд олон нийт янз бүрийн байр суурьтай байна. Британийн архитектор Заха Хадидын загварыг нь гаргасан Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэн гаднаасаа сансарын хөлөг эсвэл дугуйчдын аварга том толгойн хамгаалалт шиг харагдах аж. Цэнгэлдэхийг бүтээн байгуулах анхны төсөв гурван тэрбум ам.доллар байсан боловч 1.7 тэрбум ам.доллар болгож танажээ. Анхны хар зурагт цэнгэлдэхийн нуман дээвэр газраас 70 метрийн өндөрт сүндэрлэхээр тусгагдсан байсан ба энэ нь Лондонгийнхоос гурав дахин том хэмжээтэй байх байв. Гэвч дахин засварласан хар зурагт дээврийг багасгаж, 2012 оны олимпийн цэнгэлдэхээс хоёр дахин том байхаар тооцоолжээ.
Олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж буй Токиогийн олимпийн цэнгэлдэхийн загварыг Японы алдартай архитекторууд шүүмжилсээр байна. Тухайлбал, 1964 оны олимпийн цэнгэлдэхийн загварыг гаргасан Фумихико Макиг “Тэд бидний үгийг сонсохгүй байна. Би цэнгэлдэхийн дээврийн загварыг эсэргүүцэж байгаа. Ийм ташуу, хазгай дээвэр барина гэдэг нь миний санаанд буухгүй байна. Техникийн талаас ийм дээвэр барихад хэцүү бас өндөр өртгөөр босно. Бүх спортод хүмүүс талбай бүхэлд нь бүтээхийн эсрэг байдаг. Хэрэв задгай цэнгэлдэх байгуулбал дараа нь талбайн хэмжээг багасгаж болно. Харин битүү дээвэртэй барьсан тохиолдолд ингэх боломжгүй” хэмээжээ.
Харин Токиогийн албаны хүмүүс Олимпийн цэнгэлдэхийг дээвэртэй барихыг хүсч буй гол шалтгаан нь түүнийг олимпийн дараа тоглолтын танхим болгож ашиглах сонирхолтой байгаатай холбоотой аж. Дээвэргүй ордонд дуу чимээ ихтэй рок, попын тоглолт хийх нь Токио хотын дүрэм журамд нийцэхгүй гэж үзсэн учраас олимпийн цэнгэлдэхийн загварыг сонгохдоо тэд ийн “араа боджээ”.
Гэсэн ч архитекторууд төдийгүй Японы жирийн иргэд ч олимпийн цэнгэлдэхийн загварт төдийгүй түүнийг хотын хамгийн түүхэн бөгөөд ногоон байгууламжтай хэсэгт барихаар сонгосонд таагүй хандаж байгаа аж.
Өнгөрсөн зун гэхэд л 13 мянган гаруй хүн Олимпийн цэнгэлдэхийн бүтээн байгуулалтыг эсэргүүцэн жагсаал хийж, гарын үсэг цуглуулжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС