Монгол, Германы Гадаад яамд хоорондын зөвлөлдөх уулзалт 2014 оны 11 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо болов.
Манай талын төлөөлөгчдийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, германы талыг Холбооны ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч, Элчин сайд П.Прюгел нар тэргүүлэн оролцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны явц, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтуудын талаар дэлгэрэнгүй ярилцсанаас гадна бүс нутаг, олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр талд олон сайхан арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглэж, ирэх оны 3 дугаар сард Берлин хотноо болох дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх үзэсгэлэн болох ИТБ-Берлин 2015 үзэсгэлэнд Монгол Улс “Түнш орон”-оор оролцох, мөн 2015 оны 5 дугаар сард "Онлайн эрх чөлөө Эвсэл»-ийн бага хурал, 7 дугаар сард AСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Талууд 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Берлин хотноо болж өнгөрсөн “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарын хамтын ажиллагаа”-г хөгжүүлэх чиг үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 3 дугаар хуралдаан, мөн Монгол, Германы Эдийн засгийн хорооны 4 дүгээр хуралдааны үр дүнг сайшаахын хамт ашигт малтмал, дэд бүтцийн салбарт хамтран хэрэгжүүлэх гэж буй төслүүдийн явцын талаар ярилцаж, санал солилцов.
Эх сурвалж: http://mfa.gov.mn