УИХ-ын гишүүн, Монгол, Индонезийн Парламентын бүлгийн дарга О.Баасанхүү нарын төлөөлөгчид аравдугаар сарын 31-нд Бүгд Найрамдах Индонез Улсад ажиллаж, тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Нурхаяати Али Ассегафтай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоод иржээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол, Индонезийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд, ашигт малтмалд тулгуурласан эдийн засагтай орнуудын хувьд энэ салбарын хууль тогтоомжийн талаар харилцан туршлага солилцох сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Мөн хоёр орны иргэд хоорондын харилцааг идэвхижүүлэх зорилгоор Индонезид аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол Улсын иргэдэд тус улсын хил дээр виз олгох боломжийг судлахыг хүсчээ. Хатагтай Н.Ассегаф Парламент хоорондын хамтын ажиллагааны даргаар томилогдсоноос хойшхи гадаадын анхны зочноор монголын төлөөлөгчдийг ийнхүү хүлээн авч буйд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр хоёр орны иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд визийн нөхцлийг хөнгөвчлөх саналыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дэд дарга М.Хафид нар тус тус оролцжээ.
С.ОТГОН