Хүн чанар худалдаж авъя

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Хүн чанар худалдаж авъя

Өөр хоорондоо ярилцаад, нүүр нүүрээ хараад учраа олохын оронд хэвлэл, интернэт сүлжээгээр биесээ хараан зүхэж, хойноос нь “хутгалдаг”, цэцэн туулайн дүр эсгэж хэнийг ч хамаагүй нулимж, шарыг харж шарваж, улааныг үзээд урвадаг нийгэмд бид амьдарч байна. Энэ хиймэл ертөнцөд хүн чанарыг яригчид хамгаас их ч хэрэг дээрээ эсэргээрээ болсныг гарч буй гэмт хэрэг, хүмүүсийн хийсэн үйлдэл харуулна. Авууштай нь энэ тухай бүгдээрээ хэлэлцэж, түүнийгээ хайж буй мэт боловч цаанаа л нэг хуурмаг нь харуусал төрүүлнэ. Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билэг гэдэг үг юутай үнэн бэ. Ийм нэгэн сургамжит өгүүллэг цахим ертөнцөөр нүүрнээс нүүр дамжин зугаалж байна.

…Шохой аван самбар дээр томоос том нэгийн тоо бичээд:
-Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл гэв.
Дараа нь 1-ийн тооны дараа "0" нэмж бичээд:
-Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар нэгийг арав болгож чадна.
Дахин нэг тэг нэмээд,
-Энэ бол туршлага. Туршлага 10 байсныг 100 болгоно.
…0-үүд цааш үргэлжилсээр:
Чадвар, сахилга бат, хайр…
Нэмж бичигдэх (0) бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон (0) үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв,

-Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй гэж.

Араатан, амьтнаас хүн гэж ялгарах хамгийн эрхэм зүйлийн маань хэмжээ хөлийн чигчий хурууны ч дайнд хүрэхгүйгээр тэглэчихэж. Эргэлзээнгүй бидний хүн чанар тэгтэй тэнцэж байна. Энэ тохиолдолд улстөрчдийн яриад байгаа шиг ёс зүйн тухай дурсаад ч хэрэг алга.

Араатан хүртэл үр удмаа хамгаалахын тулд амь биеэ хайрлалгүй тэмцдэг атал амьдрахын утга учир болсон үсэрсэн цус, тасарсан махаа хасах хэмийн хүйтэнд жишим ч үгүй гудамжинд үлдээгээд явсан хоёр ч эхийн балгаар цөөхөн бидний хойч ирээдүй болсон Монголын хоёр бяцхан иргэн хорвоод дуу хадаан ирээд дуугаа хураав.

Бусдын үүрэнд өндөгөө үлдээдэг хөхөө шувууг хүний муухайтай зүйрлэдэг монголчуудын хүн чанар хаачив?

Гурван сая дахь иргэнээ хүлээн буй монголчууд өсөхийн оронд ингээд нэмэгдэж ирсэнээ хөнөөгөөд байвал юу болох вэ. Төр засаг руу бүх бурууг чихдэг бидний нэнжин сэтгэл л дутлаа. Асрамжийн газарт аваачаад өгсөнөөс гудамжинд үлдээгээд явсан нь илүү хялбар байсан гэж үү?

Хорвоог хайраар зөөлрүүлдэг хонгорхон бүсгүйчүүдийн маань сэтгэл зүрх үрсээ хөлдөөж эсвэл буцламгай халуун усаар биенээ түлэх хүртлээ хөрсөн гэхэд итгэмээргүй мэт санагдавч энэ болсон явдал.

Өөрт нь найдаж, аюул эндэгдлээс хол байлгах гэж бяцхан үрсээ даатгаж байхад гарынхаа шүүс болгосон цэцэрлэгийн багшид, хүйтэн мэсээр хүн харахын эцэсгүй болтлоо эрэмдэглүүлсэн хүү хойд эцэгтээ ямар гэм хийсэн юм бэ?!

Техникийн мэдээлэл, техникийн эрин зуунаас хоцролгүй хөл нийлүүлэн алхах гэж яаран яаран чаргууцалдахдаа бид хамгийн гол зүйлээ гээчихэж. Гэр бүлээ хайрлан хамгаалж, тэжээн тэтгэдэг монгол эрчүүдийн маань хэд нь энэ эрхэм үүргээ биелүүлж, хэд нь гэр бүлийн хүчирхийлэгч болон хувирав. Үр хүүхдээ өв тэгш зөв хүмүүжилтэй болгохын төлөө идэх хоол, унтах нойроо хугасладаг эмэгтэйчүүд маань хэн болж, юугаар дутсан гэхдээ хаашаа алхална вэ?

Бид хэн болчихоо вэ гэх асуултыг төгсгөлд нь тавья. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр халамжаас өвлөн авдаг хамгийн нандин зүйлээ бид чинь хэн ч тоодоггүй, хуучирсан бараа шиг хаячихсан юм биш үү. Худалдаалж болдог бол хамгийн эрэлттэй, ангасан зүйл маань “хүн чанар” болжээ. Техникийн дэвшил, үнэтэй хувцас, өндөр албан тушаал, брэндийн хувцас… Энэ бүхнээс илүүтэй бидний хайж, олж авах ёстой зүйл нь хүн чанар болжээ. Зарж, түгээж болдог бол үүнийг л түгээх нь юу юунаас чухал болж.

Улстөрчдийн суудал, ширээний хэрүүлээс илүүтэй хүн чанараар монголчууд үгүйрэн дутаж, энэ асуудалд хаа хаанаа анхаарч, тэглэх бус цэглэх, хоосноос нэмэх рүү явах цаг иржээ.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж