Азийн оюутны АШ сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Азийн оюутны АШ сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

-Монгол-БНХАУ-ын оюутны шигшээ багийн тоглолтод урд хөршийн баг хожлоо. –

Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн V тэмцээн Тайваний Тайпей хотноо өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд БНХАУ, БНСУ, Хонгконг, Малайз, Филиппин, Монгол зэрэг 10 орчим орны баг тамирчид өрсөлдөж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй манай багийн бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нар багтаж байна. Тэд бүгд 1990-1996 онд төрсөн 17-25 насны залуу тамирчид юм. Харин багийн ахлагчаар Монгол Улсын Гавьяат багш Д.Гоошоохүү, багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, дасгалжуулагчаар Г.Өсөхбаяр нар ажиллаж байна. Мөн Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгчээр Б.Ганзориг, МҮСБХ-г төлөөлж С.Тулга, Н.Батсуурь нар оролцож буй.

Манай оюутны шигшээ баг хэсэгтээ БНХАУ, Тайвань, Макаотой таарчээ. Тэд эхний тоглолтоо өнөөдөр 14.00 цагаас БНХАУ-ын шигшээ багтай тоглох юм.

Тоглолтын шууд бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

2006 оноос хойш зохиогдож эхэлсэн тус тэмцээнд Монголын оюутны шигшээ баг 2008, 2010, 2012 онуудад гурван удаа оролцон хоёр хүрэл медаль аваад байгаа билээ. Тодруулбал, Монголын баг 2010 онд Хятадын Тайвань, Ливаны багийн дараа орж хүрэл медаль хүртэж байсан бол 2012 онд БНСУ, Тайваны дараа мөн 3 дугаар байрт шалгарчээ. Мөн Б.Билгүүн 2012 оны тэмцээнд гарааны шилдэг таван тамирчны нэгд багтаж байсан байна.

НЭМЭЛТ: 16.00 цаг.

Монгол-БНХАУ-ын оюутны шигшээ багийн тоглолтод 52:66 онооны харьцаагаар урд хөршийн сагсчдын ялалтаар өндөрлөлөө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж